ХХААХҮ-ийн сайдын 2019 оны А/40 тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл

Төсөл

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын

2022 оны . . . .дугаар сарын . . . .ны/ий өдрийн . . . .

дугаар тушаалын хавсралт

 

 

ХАЛДВАРТ ӨВЧИНГҮЙ, ТАЙВАН БАЙДЛЫГ УЛС, БҮС, НУТГААР ТОГТООН МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь мал, амьтны халдварт, гоц халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох, хүсэлт гаргах, шинжээчийн томилох, баталгаажуулах, батламж олгох, тогтвортой байдлыг хадгалах, цуцлах, түдгэлзүүлэх, дахин сэргээх, гарах зардлын санхүүжилт, мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүс нутгаар тайван байдлыг үндэсний болон улс, бүс, тухайн газар нутгийн хэмжээнд баталгаажуулж нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтооход тавих ерөнхий шаардлага

 

2.1. Халдварт өвчингүй, тайван гэдэг нь улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо эсхүл хамгаалалттай аж ахуй, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийн мал, амьтны популяцид халдвар, үе хөлтний шимэгчлэл байхгүйг илэрхийлнэ. Халдвар байхгүй гэдгийг үнэмлэхүй батлах шинжлэх ухааны арга байхгүй. Иймд өвчнөөр тайван, халдваргүй статус (түүхэн тайван статусыг үл тооцон)-ыг нотлохын тулд тодорхой эмгэг төрүүлэгчийн халдвар хэрэв байгаа бол популяцийн тогтоосон хувь хэмжээнээс бага болохыг шаардлагатай үнэмшлийн түвшинд илтгэн харуулах хангалттай нотлох баримтыг бүрдүүлнэ.

2.2. Зэрлэг амьтны популяцид халдвар байхгүйг харуулахад хангалттай эпидемиологийн тоон мэдээлэл, баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй учраас бусад шууд бус нотолгоонд тулгуурлан үнэлгээ хийнэ.

2.3. Халдварт өвчингүй, тайван улс, бүс, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороо эсхүл хамгаалалттай аж ахуй, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөл нь Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны кодексийн 1.4.6 дах хэсэгт заасан дараах ерөнхий шаардлага хангана. Үүнд:

2.3.1.    Тухайн халдвар, үе хөлтний шимэгчлэл нь заавал мэдэгдэх өвчний жагсаалтад орсон байх;

2.3.2.    Мэдрэмтгий холбогдох бүх зүйлийн мал, амьтанд халдварыг эрт илрүүлэх тогтолцоо хэрэгждэг байх;

2.3.3.    Халдвар, үе хөлтний шимэгчлэл нэвтэрч орж ирэхээс хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлдэг, мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах тогтолцоог бүрдүүлсэн байх;

2.3.4.    улс эсхүл бүсийн зэрлэг амьтанд халдвар, үе хөлтний шимэгчлэлийн шинж тэмдэг илрээгүй байх.

2.4.    Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны кодексийн 1.4.6 дах хэсэгт заасан дараах нөхцлийг хангасаг аймаг, нийслэл, сум, дүүргийг өвчний өвөрмөц эмгэг төрүүлэгчийг тандах шаардлага тавилгүйгээр тухайн өвчнөөр тайван тооцож болно. Үүнд:

2.4.1.    Сүүлийн 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд тухайн өвчний эсрэг вакцинжуулалт хийгээгүй байх;

2.4.2.    Энэхүү журмын 2.4 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг биелүүлсэн байх;

2.4.3.    Мэдрэмтгий мал, амьтанд эмгэг төрүүлэгчийн улмаас үүсэх эмнэл зүйн шинж тэмдэг эсхүл бие бүтцийн эмгэг хувирлыг ялгаварлан таних боломжтой байх;

2.4.4.    Сүүлийн 25-аас дээш жил халдвар, үе хөлтний шимэгчлэлийн тохиолдол гараагүй байх.

2.5. Халдварт өвчингүй, тайван хамгаалалттай аж ахуйг зарлахад дараах шаардлага хангасан байна. Үүнд:

2.5.1.    Эмгэг төрүүлэгчид өвөрмөц тандалтыг явуулахад халдвар, үе хөлтний шимэгчлэлийн аливаа тохиолдол илрээгүй байх;

2.5.2.    Энэхүү журмын 2.4.1, 2.4.3 дах хэсэгт заасан урьдчилсан нөхцөлийг хангасан, эмгэг төрүүлэгчид өвөрмөц тандалтыг явуулах хугацаанд хийсэн байх;

2.6. Халдвар, үе хөлтний шимэгчлэл зорилтот эх популяцид ямар нэг хэмжээгээр тархсан нь нотлогдвол тухайн өвчнөөр тайван статус нь шууд хүчингүй болно.

 

Гурав. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох хүсэлт гаргах этгээд

 

3.1.      Халдварт өвчингүй, тайван байдлыг нутаг дэвсгэрээр тогтооно. Үүнд:

3.1.1.  Улсаар;

3.1.2.  Бүсээр;

3.1.3.  Аймаг, нийслэлээр;

3.1.4.  Сум, дүүргээр;

3.1.5.  Баг, хороогоор;

3.1.6.  Хамгаалалттай аж ахуйгаар;

3.1.7.  Эрчимжсэн аж ахуй эрхлэгчээр;

3.1.8.  Малчдын бүлэг, нөхөрлөлөөр;

3.2.      Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтооход дараах байгууллагууд хүсэлт гаргана. Үүнд:

3.2.1.  Энэхүү журмын 3.1.1, 3.1.2, 3.1.6-д заасан халдварт өвчингүй, тайван байдлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын санаачлагаар;

3.2.2.  Энэхүү журмын 3.1.3, 3.1.4-д заасан халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;

3.2.3.  Энэхүү журмын 3.1.5-д халдварт өвчингүй, тайван байдлыг сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгаас  аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт;

3.2.4.  Энэхүү журмын 3.1.7, 3.1.8-д заасан халдварт өвчингүй, тайван байдлыг эрчимжсэн аж ахуй эрхлэгч, малчны бүлэг, нөхөрлөл нь сум, дүүргийн Мал эмнэлгийн тасгаар дамжуулан  аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газарт;

 

Дөрөв. Монгол Улсын нутаг дэвсгэрийг халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоох хүсэлт гаргах

 

4.1.  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны код, импортлогч орны мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор олон улсын худалдааны хоригтой халдварт өвчнөөр тайван байдлыг улсын нийт нутаг дэвсгэр, бүс, хамгаалалттай аж ахуйгаар тогтоон Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон импортлогч талд мэдээлнэ.

4.2.  Халдварт өвчингүй, тайван байдлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон импортлогч талд баталгаажуулах, мэдээлэх ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.

4.3.  Халдварт өвчингүй, тайван байдлыг улс, бүсээр баталгаажуулахад Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Газрын амьтны кодын 1.6-д заасаны дагуу  баталгаажуулах өргөдлийг боловсруулж хүргүүлнэ.

4.4.  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны шинжээч урьж ажиллуулах, дүгнэлт гаргуулахтай холбогдон гарах зардлыг урьдчилан тооцож Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын төсөвт тусгуулна. Хандивлагч байгууллага, импортлогч орны зардлаар хийж болно.

4.5.  Улс, бүс эсхүл хамгаалалттай аж ахуй ДМАЭМБ-ын тусгай ангиллын өвчин, мал, амьтны бусад өвчин, халдвар, үе хөлтний шимэгчлэлээр тайван болохыг ДМАЭМБ-д мэдэгдэж, бусад улсад мэдээлэх хүсэлт гаргана.

4.6.  ДМАЭМБ-ын цахим хуудсанд байгаа өөрийгөө зарлан тунхагласан тухай нийтэлж өгөхийг хүссэн баримт бичиг илгээх стандарт ажиллагааны заавар баримтална.

4.7.   Улс өөрийгөө зарлан тунхагласан тухай нийтэлж өгөхийг хүссэн баримт бичигт дараах шаардлагыг хангасан мэдээллийг баримтжуулан хүргүүлнэ. Үүнд:

4.7.1.  тухайн халдвар, үе хөлтний шимэгчлэлийг улсын хэмжээнд заавал мэдэгддэг тухай нотлох баримт,

4.7.2.  улс, бүс эсхүл хамгаалалттай аж ахуйд тухайн халдвар, үе хөлтний шимэгчлэл байхгүй эсхүл устгасан түүх;

4.7.3.  улс, бүс эсхүл хамгаалалттай аж ахуйн мэдрэмтгий бүх мал, амьтанд хийдэг тандалт, түүний дотор эрт сэрэмжлүүлэх тогтолцоо;

4.7.4.  тайван байдлыг улс, бүс эсхүл хамгаалалттай аж ахуйд хадгалахын тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээ.

4.8.  Өөрийгөө зарлан тунхаглах мэдэгдэл дэх мэдээллийн үнэн зөв байдлыг Малын ерөнхий эмч бөгөөд  ДМАЭМБ-ын төлөөлөгч бүрэн хариуцна.

 

Тав. Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргах

 

5.1.      Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргахад аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга дараах шаардлагыг хангасан мэдээллийг багтаасан өргөдлийг баталгаажуулан Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Үүнд:

5.1.1. Энэхүү журмын 2.3, 2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон байна.

5.1.2. Халдварт өвчнийг хяналтад авах төлөвлөгөөнд тусгагдсан тухайн тайван байдлыг тогтоолгох өвчний халдварын голомтыг утсгасан талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан,

5.1.3. Тухайн халдварт өвчингүй тайван байдлыг тогтоолгох зорилгоор сүүлийн гурваас доошгүй жил улсын хэмжээнд тандан судалгааны дүнд эрсдэлийн задлан шинжилгээ хийсэн тайлан,

5.1.4. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэрийн хилийн заагийг солбилцолоор тогтоосон зураглал,

5.1.5. Тухайн өвчний хувьд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, шинжилгээний чадавх /багаж, тоног төхөөрөмж, оношлуур, урвалж, хүний нөөц/-ийг нотолсон байх,

5.1.6. Хэрвээ зооноз өвчин бол тухайн өвчний хүн амын дундах тохиолдолыг судалгааг сүүлийн 5-с доошгүй жилээр Эрүүл мэндийн байгуулгаас гаргуулж баталгаажуулж хавсаргасан байх,

5.2.      Халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргээр тогтоолгох хүсэлт гаргасан өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөвийг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга хариуцна.

5.3.      Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох хүсэлтийг нэгдүгээр улиралд багтаан ирүүлнэ.

5.4.  Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон гарах зардлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дугаар зүйлд заасан этгээд хариуцна.

 

Зургаа. Халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлөөр тогтоолгох хүсэлт гаргах

 

6.1. Халдварт өвчингүй, тайван байдлыг баг хороогоор тогтоолгох хүсэлт гаргахад сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн дарга дараах шаардлагыг хангасан мэдээллийг багтаасан өргөдлийг баталгаажуулан Мал эмнэлгийн газарт ирүүлнэ.

6.1.1.  Энэхүү журмын 2.3 дах хэсэгт заасан ерөнхий шаардлагыг хангасан болохыг нотолсон байна.

6.1.2.  Тухайн халдварт өвчнөөр эрүүл, тайван байсан, эсхүл халдварт өвчнийг хяналтад авах төлөвлөгөөний дагуу тухайн өвчний халдварын голомтыг устгасан талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны сүүлийн 2 жилийн тайлан,

6.1.3.  Тухайн халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох зорилгоор сүүлийн 2-оос доошгүй жил тандан судалгааны дүнд эрсдэлийн шинжилгээ хийсэн тайлан,

6.1.4.  Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох газар нутгийн хилийн заагийн зураглал / 1:100.000-ын масштабтай/,

6.1.5.  Тухайн баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийн гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн тухайн өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, тэмцэх чадавхийн нотолгоо,

6.2.  Энэхүү журмын 2.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан болохыг нотолсон бол халдварт өвчингүй, тайван байдлыг шууд баталгаажуулна.

6.3.  Халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлөөр тогтоолгох хүсэлт гаргасан өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөвийг сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн дарга хариуцна.

6.4.  Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулахтай холбогдон гарах зардлыг Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33, 34 дугаар зүйлд заасан этгээд хариуцна.

 

Долоо. Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах, мэдээлэх, цуцлах

 

7.1.      Монгол улсын нийт нутаг дэвсгэр, бүс, хамгаалалттай аж ахуйг мал, амьтнаас хүнд халдварладаг болон олон улсын худалдааны хоригтой халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн тухай Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны бичиг баримтыг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нийтэд мэдээлж баталгаажуулна.

7.2.      Халдварт өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах тандан судалгааг зааврын дагуу тогтоосон хугацаанд хийж, холбогдох тайланг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч оронд хүлгүүлэх ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

7.3.      Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас хүлээн зөвшөөрсөн халдварт өвчингүй, тайван байдлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр цуцлах эсэх асуудлыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орон шийдвэрлэнэ.

7.4.      Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоогох хүсэлтийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан Ерөнхий малын эмч шинжээчийн баг томилж дүн шинжилгээ хийнэ. Шинжээчийн баг дараахь эрсдэлийн задлан шинжилгээг хийнэ. Үүнд:

7.4.1.  Хүсэлт гаргагчаас ирүүлсэн өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

7.4.2.  Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэр, хамгаалалттай аж ахуйн тархвар зүйн байдалд үнэлгээ өгөх ажлыг газар дээр нь гүйцэтгэнэ.

7.4.3.  Шаардлагатай гэж үзвэл тохиолдлын тандан судалгаа хийх шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шинжилгээний дүнд үнэлгээ өгнө.

7.4.4.  Халдварт өвчингүй, тайван байдлаа баталгаажуулсан нутаг дэвсгэр, хамгаалалттай аж ахуй тайван байдлаа хадгалах стратегийг боловсруулна.

7.5.      Шинжээчийн багийн дүгнэлт, Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, хамгааллтай аж ахуйгаар ерөнхий малын эмч олон нийтэд зарлан мэдээлж батламж олгоно.

7.6.      Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоогох хүсэлтийг аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан газрын дарга шинжээчийн баг томилж дүн шинжилгээ хийнэ. Шинжээчийн баг дараахь эрсдэлийн задлан шинжилгээг хийнэ. Үүнд:

7.6.1.  Хүсэлт гаргагчаас ирүүлсэн өргөдөлд багтаасан мэдээллийн үнэн зөв эсэхэд үнэлэлт дүгнэлт өгнө.

7.6.2.  Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоолгох нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийн тархвар зүйн байдалд үнэлгээ өгөх ажлыг газар дээр нь гүйцэтгэнэ.

7.6.3.  Шаардлагатай гэж үзвэл тохиолдлын тандан судалгаа хийх шинжилгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, шинжилгээний дүнд үнэлгээ өгнө.

7.6.4.  Халдварт өвчингүй, тайван байдлаа баталгаажуулсан нутаг дэвсгэр, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийн тайван байдлаа хадгалах стратегийг боловсруулна

7.7.      Шинжээчийн багийн дүгнэлт, аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг баг, хороо, эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийг газрын дарга олон нийтэд зарлан мэдээлж батламж олгоно.

7.8.      Халдварт өвчингүй, тайван байдлын батламжийн загвар, олгох зааврыг Ерөнхий малын эмч батална.

7.9.      Халдварт өвчингүй, тайван байдлаа цуцлуулсан аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүрэг дэх мал эмнэлгийн тасаг халдварын голомтыг бүрэн устгасан арга хэмжээний тайлан, тайван байдлаа сэргээх тухай хүсэлтээ өатламж олгосон байгууллагат дахин илгээнэ.

7.10.   Энэхүү журмын 7.9-д заасан хүсэлтийг хүлээн авсан байгууллага дахин шинжээчийн баг томилон ажиллуулж, дүгнэлтийг үндэслэн халдварт өвчингүй, тайван байдлыг дахин сэргээн баталж, нийтэд мэдээллэнэ.

 

Найм. Халдварт өвчингүй, тайван байдлын хяналт, тандан судалгаа

 

8.1.  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагаас халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчнийг хянах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.

8.2.  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, импортлогч орны эрх бүхий байгууллагын халдварт өвчингүй, тайван байдлыг хүлээн зөвшөөрсөн халдварт өвчний баталгаажуулах тандалт судалгааг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас баталсан зааврын дагуу эрх бүхий мал эмнэлгийн лаборатори хийж, үндэсний лаборатори баталгаажуулна.

8.3.  Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын хүсэлтээр халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоон мэдээлсэн халдварт өвчингүй,тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг тухайн аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар хариуцна.

8.4.  Сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн хүсэлтээр халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоон мэдээлсэн халдварт өвчингүй,тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлыг тухайн мал эмнэлгийн тасаг хариуцна.

8.5.  Халдварт өвчингүй,тайван байдлыг хадгалах стратегийг хэрэгжүүлэх зардлыг төсөвт тусгуулж хэрэгжүүлнэ.

8.6.  Тайван байдлыг тогтоон, мэдээлсэн халдварт өвчнөөр өвчлөмтгий болон тээгч зэрлэг амьтны шилжилт хөдөлгөөнийг хяналтанд авч, жил бүр зааврын дагуу тандан шинжилгээ хийнэ.

8.7.  Халдварт өвчингүй, тайван байдлаа тогтоолгосон эрчимжсэн аж ахуй, малчны бүлэг, нөхөрлөлийг баталгаажуулах тандалт судалгаанд тогтоосон хугацаанд малаа бүрэн хамруулж, мал эмнэлгийн төлөвлөгөөт арга хэмжээ хэрэгжүүлэх тохиолдол бүрт сүрэгтээ эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ хийлгэж мал эмнэлгийн нэгдсэн системд оруулсан.

8.8.  Тандалт судалгааны анхан шатны бүртгэл, малын шижилт хөдлөгөөний бүртгэлийг мал эмнэлгийн нэгдсэн системээр хянана.

 

Ес. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

9.1. Халдварт өвчингүй, тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд дараахь үйл ажиллагааг зайлшгүй хэрэгжүүлнэ. Үүнд:

9.1.1.  Тухайн халдварт өвчний төлөвлөгөөт тандан судалгаанд мал амьтнаа тогтоосон хугацаанд хамруулах,

9.1.2.  Шинжилгээнд хамрагдаагүй, эрүүл болох нь тогтоогдоогүй мал, амьтнаа тогтоосон хугацаанд шинжилгээнд хамруулах,

9.1.3.  Тайван байдлыг тогтоосон бүс нутаг, аж ахуйд тухайн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хэрэглэхгүй байх,

9.1.4.  Шинжилгээнд хамруулж эрүүл болох нь тогтоогдоогүй мал, амьтан гаднаас авахгүй байх,

9.1.5.  Тус нутаг дэвсгэр, аж ахуйд эрсдэлийн үнэлгээ хийлгээгүй үржүүлгийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх,

 

Арав. Хариуцлага

 

10.1.   Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.

 

Та доорх хаягаар саналаа ирүүлнэ үү.

 

Мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний газрын улсын ахлах байцаагч

Л.Нямхүү

E-mail: Nyamkhuu@vet.gov.mn

Утас: 99199778

Хаяг: Монгол Улс

Улаанбаатар – 13381

Энхтайваны өргөн чөлөө 16А

Засгийн газрын IX байр