МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИД АЖИЛЛАЛАА.

2022/12/13

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИД АЖИЛЛАЛАА.

Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг нэгдсэн арга зүй, арга, аргачлалаар хангаж ажилладаг байгууллага юм. Давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүн хэрэглэдэг.

Улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар жилд 40-50 мянган дээжинд илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг гүйцэтгэдэг.

Мал, амьтны гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, үхрийн арьс товруутах өвчний халдварын тархалтыг бүрэн хяналтад авч,  Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг үхрийн цээж өвчний байгалийн халдваргүйг олон улсын хэмжээнд баталгаажуулсныг Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Батчулуун танилцууллаа.

Цаашид нийт нутгийг ямааны годрон, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавьжээ.

Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

 

Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэллээ.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!