ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (А-О5, CSF- CLASSICAL SWINE FEVER)

2022/12/13

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

 А/04 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт

 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (А-О5, CSF-  CLASSICAL SWINE FEVER)

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

1.1. Зорилго: Гахайн сонгомол мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү зааврын зорилго оршино. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, өвчинтэй тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар тус тус ойлгоно.

1.2. Хамрах хүрээ: Гахайн сонгомол мялзан (ГСМ) өвчнөөр тайван бус болон энэ өвчин бүртгэгдсэн хот айл, ферм, гахайн аж ахуй, бүс нутагт өвчинтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, гахайчин, гахай өмчлөгч, иргэн, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.

1.3. Өвчний тодорхойлолт: ГСМ өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

1.4. Үүсгэгч, үүсгэгчийн тэсвэрт чанар: ГСМ өвчин Flaviviridae язгуурын Pestivirus-ын төрлийн А, В гэсэн хоёр ийлдсэн хэвшилтэй, 35-40 нм хэмжээтэй, РНХ агуулсан дугуй хэлбэртэй вирусээр үүсгэгдэнэ. Гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлсэнд 11 хоног, 2-40С-ийн хэмд 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, арьсанд 1-2 сар, давсалсан маханд 1 жил, гахайн байранд нэг жил хадгалагдана.

1.5. Өвчний тархвар зүйн онцлог: Тэжээвэр болон зэрлэг гахай мэдрэмтгий жилийн аль ч улиралд халдварын дэгдэлт гарч богино хугацаанд бүх насны гахайг хамрах ба үхэл өндөр хувьтай байна. А хэвшил цочмог явцтай үжил хэлбэрийн мялзан үүсгэдэг, торойд хоруу чанартай, В хэвшил гахайг хэв шинжит бус эсхүл архаг явцтай өвчлүүлнэ.

1.6. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй, өвчилж эдгэрсэн гахай халдварын эх үүсвэр болно. Өвчтэй гахайны шээс, баас, салст шүүрдэс, үрээр дамжин гадаад орчинд ялгаран гарна. Вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, хэвтэр бууц, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүмүүсийн гутал, хувцас, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болохоос гадна шаардлагаар нядласан гахайн мах, гулууз, дотор эрхтнүүд халдварын эх үүсвэр болдог. Хяналт шинжилгээгүйгээр гаднаас авсан гахай халдвар тараах өндөр эрсдэл үүсгэнэ. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулдаг. Халдвар тэжээл боловсруулах, амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана.

1.7. Эмнэлзүйн шинж тэмдэг: Үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан өвчний нууц үе 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг, хэв шинжит бус явцтай байна. Хэт цочмог явц ховор тохиолдох боловч ихэвчлэн хөхүүл, эхээс тусгаарласан торойд ажиглагдана. Биеийн халуун 41-42оС хүрч, тэжээлээс гарч гэнэт номойрч бөөлжих, зүрх, амьсгалын эрхтний ажиллагаа эрчтэй алдагдан 24-48 цагийн дотор үхнэ.

Цочмог явцтай үжилт хэлбэр хамгийн өргөн тохиолдоно. Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5-42оС хүрч 7-8 хоног халуурна, 8-9 дэх хоногт биеийн халуун 40-40.5оС буурах байдлаар сэлгээ халуурна. Өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болж бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдана. Нүдний зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус, идээ, салстай нус гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэнэ, шээхдээ зовиурлана, хөдөлгөөний тэнцвэр алдагдаж явахдаа гуйван, зарим гахайн хойд хөл саажин бөгсөн бие мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр цэгэн цус харвалтууд илрэх бөгөөд цаашид хоорондоо нийлж хар хүрэн өнгөтэй толбо болон хувирна. Дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. Цочмог хэлбэрээр өвчилсөн гахай 7-10 хоногийн дараа үхнэ.

Цочмогдуу хэлбэрийн явц 3 долоо хоног орчим үргэлжилж, өвчилсөн гахайн биеийн халуун үе үе нэмэгдэж баас хатах, чацга алдах, турах шинж илэрнэ. Үхэл 30-60% хүртэл байна. Цочмогдуу хэлбэрийн явцтай үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар хүндэрдэг. Иж балнадаар хүндэрсэн үед мялзангийн гэдэсний хэлбэр илэрч турж арьс үрэвсэн, цус, залхагтай өмхий чацга алдана. Цусан халдвараар хүндэрсэн үед цээжний хэлбэрээр өвчлөх бөгөөд турах, уушги, гуурсан хоолойн үрэвсэх, ханиах, хамраас салст идээтэй нус гоожих шинж ажиглагдана. Өвчин үхлээр төгсөнө. Архаг хэлбэрийн явцтай үед хэдэн долоо хоногоос сараар үргэлжилнэ. Эмнэлзүйн шинж тэмдэг цочмогдуу явцтай адил байдаг. Тэжээлийн дуршил алдагдах, турах, баас хатах, чацга алдах, зовхи үрэвсэх шинж тэмдэг илэрнэ. Архаг явцын үед иж балнад, цусан халдвар өвчний хоёрдогч халдвараар байнга хүндэрдэг бөгөөд үхлийн хувь 30-60 хүртэл байна.

1.8. Бие бүтцийн эмгэг хувиралт: Цочмог хэлбэрийн үед бүх эд эрхтэнд янз бүрийн хэлбэр, хэмжээний цусан харвалт илэрнэ. Тунгалагийн зангилаа томорч хүрэн улаан өнгөтэй болж, зүсэхэд алагласан байна. Дэлүү томроогүй ч зах ирмэгт шигдээс үүснэ, бөөрний хальсан бүрхүүл, тархилаг, холтослог давхарга, давсагны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг томрохгүй цусархаг, уушгинд цус харвасан, хавагнасан, цусархаг, салст, усархаг, цусархаг үрэвсэл болсон байна. Зүрхэнд цус харвасан, заримдаа баруун ховдол тэлсэн байна. Тархи, нугас, тархины хатуу бүрхүүлд цус ихдэлт, хаван, цус харвалт үүссэн байна. Ходоод, гэдсэнд цочмог салст үрэвсэл болон гүвдрүү үүссэн байна. Цочмогдуу болон архаг явцтай үед өвчний хүндрэлтэй холбоотой хувиралт тод ажиглагдана. Цусан халдвараар хүндэрсэн үед уушгины сахуулайт, цусархаг, үхжилт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэгэнцэрт, цусархаг үрэвсэл, арьс, бөөр, төвөнх, багалзуур, мөгөөрсөн хоолой, гялтан, зүрхний гадарга дээр цус харвалт ажиглагдана. Иж балнадаар хүндэрсэн үед бүдүүн гэдэс, ходоодонд хааяа нарийн гэдсэнд эмгэг хувиралт үүссэн байна. Олгой, хотронхой гэдсэнд цагаан шар өнгөтэй мялзангийн бундуу, бүдүүн гэдэсний салст бүрхүүлд цагаан шар өнгөтэй өнгөрөөр хучигдсан түгмэл сахуут үрэвсэл болсон байна.

 

ХОЁР. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ.

2.1. Оношилгоо: Өвчний тархвар зүйн онцлог, өвчилсөн гахайн эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувиралд үндэслэн анхны онош тавина. Шинжилгээнд эсрэгтөрөгч илрүүлэх түргэн сорилыг зааврын дагуу ашиглана.

2.1.1. ГСМ өвчтэй, сэжигтэй тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2018)1-ын дагуу дээж авч лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна.

2.1.2. Лабораторийн оношилгоо: Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд бодит цагийн полимеразын гинжин урвал (ПГУ), буцаан хувиргах полимеразын гинжин урвал, эсрэгтөрөгч илрүүлэх ЕЛИЗА, эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА, вирус өсгөвөрлөн ялгах, вирус саармагжуулах аргаар хийнэ. Оношлох болон баталгаажуулах шинжилгээнд ГСМ өвчний дэлхийн, эсхүл бүсийн лавлагааны лаборатори зохион бүтээсэн, эсхүл зөвлөсөн оношлуурыг хэрэглэнэ.

2.2. Ялгаварлан оношлох:

2.2.1. Гахайн гастроэнтерит, цусан суулга, гахайн сонгомол мялзан, гахайн үржил-амьсгалын замын хам шинж, цусан халдвар, ёлом, Ауескийн өвчин, иж балнадаас ялгаварлан оношилно.

2.3. Эмчилгээ: Эмчилгээ оновчтой арга байхгүй тул эмчилгээ хийхгүй.

2.4. Хорио цээрийн дэглэм тогтоон тэмцэх:

2.4.1. ГСМ өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож тэмцэх өвчний ангилалд хамаарна.

2.4.2. ГСМ өвчний онош тогтоогдож лабораторийн шинжилгээгээр баталгаажсан гахайн аж ахуй, ферм, гахай бүхий хот айл, ферм, бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)1 болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.

2.4.3. Хорио цээрийн дэглэмийн үед голомтын бүсийн заагийг өвчний дэгдэлт гарсан нутаг дэвсгэрийг хамруулан тогтооно.

2.4.4. ГСМ өвчтэй, эрүүл гахайг хашаа, байр, тэжээл, ус нэгтэй байлгах, сум, дүүргийн мал эмнэгийн тасгийн хяналт, зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн хийх, өвчтэй гахайг хараа хяналтгүй орхихийг хориглоно.

2.4.5. Өвчний голомтонд ажиллаж байгаа малын эмч тархвар зүйн судалгаа хийж өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг өөрчлөлтүүдийг баримтжуулж гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл өдөр бүр хөтлөнө.

2.4.6. Голомтонд байгаа гахайн аж ахуй, гахай бүхий хот айл, ферм, бүс нутагт ГСМ өвчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж зөвлөгөө өгнө.

2.4.7. Хорио цээр, хязгааралтын дэглэм тогтоосон газар нутгийн хил хязгаар, өвчний голомт болон голомтонд байгаа хот айл өрх, ферм, гахайн аж ахуйн байршил, мал, амьтны тоо, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэн өнгөрүүлэх цэг, шилжилт, хөдөлгөөний гол зам зэргийг заасан тархварзүйн зураглал үйлдэнэ.

2.4.8. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон халдварын голомт болон сэжигтэй, хамгаалалтын бүс нутгаас мал, амьтан шилжүүлэх, гахайн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг дэглэм тогтоосон хугацаанд хориглох ба хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн өвчтэй гахайны мах ашиглахыг хориглоно. ГСМ-аар үхсэн гахайг бүтнээр нь устгана.

2.4.9. Өвчтэй гахайн хэвтэр, баас, тэжээлийн үлдэгдэлийг шатаах аргаар, хашаа, байр, ус, тэжээлийн сав, тоног хэрэгслийг химийн бодис, халдваргүйтгэлийн бэлдмэлээр халдваргүйтгэнэ.

2.4.10. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)1-ын дагуу устгалыг зохион байгуулахаас гадна Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар (МЭЕГ-2018-А |52-Х2)1-ыг баримтлан халдваргүйтгэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.4.11. Хорио цээрийн дэглэмийг сүүлчийн гахай өвчилсөн, үхсэн, устгаснаас хойш 30 хоногийн дараа гахайнд өвчний шинж тэмдэг илрээгүй бол бүх гахайнд э‎мнэ‎лзүйн үзлэг хийж, өвчтэй гахайнд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, х‎эвтэ‎р, усны болон т‎эжээ‎‎лийн сав зэрэгт төгсгөлийн халдваргүйжүүлэлт хийж, мал ‎эмнэ‎лгийн байгууллагын саналыг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр дэглэм бууруулан, хязгаарлалтын 14-оос доошгүй хоногийн дэглэмд шилжүүлнэ.

2.4.12. Тандалт: МЭЕГ-нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ГСМ өвчний улсын хэмжээнд тандах төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сард батлж, батлагдсан төлөвлөгөөг аймаг, сум, дүүргийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг хамтран хэрэгжүүлнэ.

2.4.13. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтэрч болох эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж дамжих, нэвтрэх боломжит замуудыг хяналтанд авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

2.4.14. ГСМ өвчнийг аль болох эрт илрүүлэх, өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрсдэлтэй, эрүүл бүс нутгийн гахайд идэвхтэй тандалтыг тархварзүйн аргачлалын дагуу мэргэжлийн баг жил бүр тодорхой хугацаанд хийж, дүн, дүгнэлт мэдээг харьяалах дээд шатны мал эмнэлгийн байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

2.5. Өвчтэй мал, амьтныг устгах арга хэмжээ:

2.5.1. ГСМ өвчний голомт гарсан хот айл, ферм, гахайн аж ахуйн бүх гахайг өвчтэй, эрүүл гэж ялгахгүйгээр сүргээр нь толгой дараалан устгана. Өвчний голомтыг бүрэн биоаюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.5.2. Халдварын голомтод зайлшгүй шаардлагаар устгасан гахайны нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ.

2.6. Өвчтэй мал, амьтныг устгах:

2.6.1. ГСМ өвчин бүртгэгдсэн хот айл, ферм, гахайн аж ахуйн бүх гахайг өвчтэй, эрүүл гэж ялгахгүйгээр сүргээр нь толгой дараалан устгана. Өвчний голомтыг бүрэн биоаюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.6.2. Халдварын голомтод зайлшгүй шаардлагаар устгасан гахайны нөхөн төлбөрийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу олгоно.

2.7. Голомтын бүсэд болон дэглэ цуцалсны дараа мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих шаардлага:

2.7.1. Голомтын бүсэд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх, дэглэм цуцалсан үед мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлагыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын “Газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-д заасан зөвлөмжийг баримтална.

2.8. Импортын мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:

           2.8.1. ГСМ өвчнөөр тайван болон тайван бус орноос амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох тохиолдолд ДМАЭМБ-ын “Газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-14.26-д заасан зөвлөмжийг баримтална.

2.8.2. 2.8.1-д дурьдсан мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлохын өмнө Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 заасны дагуу хийсэн эрсдэлийн задлан шинжилгээний багийн дүгнэлтийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас импортын мэдэгдэл олгоно.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.

3.1. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:

3.1.1. МЭЕГ, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг ГСМ өвчний илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биоаюулын хамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, хот айл, ферм, гахайн аж ахуй эрхлэгчдэд түгээх, удирдлагыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

3.1.2. Хот айл, ферм, гахайн аж ахуйд уг өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд гахай маллагч, эзэмшигч нь харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.

3.1.3. Хот айл, ферм, гахайн аж ахуй эрхлэгчид амьтан маллах, ашиглах, тээвэрлэхдээ “Малын хашаа, байр байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг заавар (МЭЕГ-2018-А\52)1-ын холбогдох заалтыг дагаж хэрэгжүүлнэ.

3.1.4. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумдад өвчин нэвтэрч болох эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулж дамжих нэвтрэх боломжит замуудыг хяналтанд авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

3.2. Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:

3.2.1. ГСМ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтыг мөрдөн зохион байгуулж хэрэгжүүлнэ.

3.2.2. Дархлаажуулалтад хэрэглэх вакцин нь Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэлтэй, чанарын шаардлага хангасан байна. Торойг төрснөөс хойш 30 хоногийн дотор, үржилд ашиглах гахайг жилд 2 удаа тус тус дархлаажуулна.

3.2.3. Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хот айл, ферм, аж ахуйн гахайг дархлаажуулна.

3.2.4. Дархлаажуулалтыг хамгаалалтын бүсийн гаднаас дотогшоо голомт, сэжигтэй бүс рүү чиглэсэн байдлаар зохион байгуулж хийнэ.

 

ДӨРӨВ. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНЖҮҮЖИЛТ.

4.1. Тархвар зүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:

4.1.1. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, өвчин гарсан нутгийн хот айл, гахайн аж ахуй эрхлэгчид, орон нутгийн удирдлагатай хамтран тухайн жил ГСМ өвчин гарсан цаг уур, маллагааны нөхцөл, дархлаажуулалтын хугацаа, чанар, санхүүжилт зэрэг өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх хүчин зүйлд оролцооны аргаар тандалт судалгаа хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.

4.1.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага нь орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтад хамруулах гахайн тоо, толгойн мэдээллийг МЭЕГ-тжил бүрийн хоёрдугаар улирлын эхний сард багтаан орон нутгийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

4.1.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгтгээд жил бүрийн 2-р улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:

- Тархвар зүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан ГСМ өвчин гарахаас сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,

- ГСМ өвчнөөр устгасан гахайны нөхөн төлбөрийн зардал, бүс, нутаг дэвсгэрийн хүрээнд ГСМ өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах хөтөлбөр, төсөл, бэлэн байдлын дэд төлөвлөгөө.

- Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөө.

4.2. Санхүүжилт: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1- дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай тогтоол (ЗГ-2018-225)1-ын дагуу ГСМ өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

 

----------------------------- о о 0 о о ------------------------

                                                                                 

ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ

СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

ТОДОРХОЙЛОЛТ

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь системтэй,цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.

ЗОРИЛГО

·  Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох

·  Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох

·  Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь ГСМ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

· Малын эмч нар

· Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

· Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).

·  Лабораторийн мэргэжилтэн

·  Аймаг, сумын малын эмч нар

·  Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч

ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ(тухайн нөхцөл байдалд тохируулжтоо ширхэгийг тооцоолно)

· Нэг удаагийн бээлий

· Усны гутал

· Хормогч

· Улавч

· Хайч

·  Чимхүүр

· Дээж хадгалах уусмал (50%-ийн глицеринтэй фосфатдавстай буфер, PBS)

· Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил

· Цусбүлэгнүүлэгчтэйхуруушил

· Зүү баригч

· 16G хэмжээтэй зүү

· Маркер -

· Дээжний сав

· Хаягдлын уут

· Халдваргүйжүүлэгч бодис

· Гар ариутгагч

· Байршил тогтоогч

· Дэгдэлтийн судалгаа авах маягт

·  Лабораторид дээж илгээх маягт

·  Хэвлэсэн бичмэл заавар

·  Дэвтэр, бал

Дэгдэлтийн судалгаа хийх дараалал

1.   Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:

·  Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх

·  Багийн гишүүд тус бүрийн гүйцэтгэх үүргийг ярилцаж тохирох

· Шаардлагатай материал,ложистикийнзохионбайгуулалт (материал, тоногтөхөөрөмжийн жагсаалтыг шалгах)

·  Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээлэл авах маягтууд, дэвтэр, зөөврийн компьютер, байршил тогтоогч.

· Дээж авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, дээжийн сав, вирусийн тэжээлт орчин

·  Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд

· Тээврийн хэрэгсэл

2.   Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

· Очих малчны нэр, утасны дугаар

· Аймаг, сум, багийн нэр

·  Гахайнаж ахуй эрхлэх хэлбэр,гахайнтоо)

·  Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.

3.   Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх

· Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа био-хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.

·  Асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.

· дээж аван лабораторид илгээнэ.

·Хэдэн малаас дээж авч шинжлэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа(эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

·Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ?

·  Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?

·  Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ?

· Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох?

(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

· Малын төрөл, сүргийн хооронд түвшин ялгаатай байгаа эсэх

· Ямар төрөл зүйлийн дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх

·  Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

·  Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ?

·  Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?

· Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?

Зэрлэг амьтад

·   Тухайн хот суурин газарт өвчинд мэдрэмтгий зэрлэг айдаг эсэх

·   Ойр орчимд зэрлэг өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх

Вакцинжуулалтын түүх

·  Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь ГСМ өвчний болон бусад өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх

Таамаглал дэвшүүлэх

·  Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал

·  Тархалтын хэлбэр

·  Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх

·  Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох

· Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?

ЗӨВЛӨМЖ

· Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.

----------------------------- о о 0 о о ------------------------

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг,

E-mail: tungalag@vet.gov.mn; ttungaa102@gmail.com

Утас:

99023372

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Ч.Цэнд

E-mail: Tsend@vet.gov.mn; Tsend.0423@gmail.com

Утас:

261601, 98001999

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!