МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН “ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА, ТӨЛӨВЛӨЛТ” СЭДЭВТ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2024/04/03

          Мал эмнэлгийн ерөнхий газраас аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар, харьяа УМЭАЦТЛ, МЭСБУЛ болон ХААИС, Мал эмнэлгийн сургууль,                                       Мал эмнэлгийн хүрээлэн, олон улсын төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны  байгууллагуудтай хамтран салбарын Удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 04 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 

         Салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр мал эмнэлгийн 2024 оны урьдчилан сэргийлэх арга хэмжээг тархвар зүйн судалгаа, статистик мэдээ, лабораторийн тандалт шинжилгээнд үндэслэн  оновчтой  төлөвлөлтийн хүрээнд явуулах мөн  хяналт тавих, дархлаажуулалтын дараах үр дүнг тооцох ажлуудыг хэлэлцэж байна. 

          Мөн Мал эмнэлгийн ерөнхий газар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад мал, амьтны гоц халдварт  шүлхий өвчинтэй тэмцэх хяналтын хөтөлбөр, бог малын мялзан өвчнийг устгах стратеги, үхрийн тархины эд сархиагдах эмгэгшил өвчнөөр тайван болохыг баталгаажуулах доссер зэргийг хүргүүлэх юм.

Ямааны годрон өвчний халдваргүй болохыг дотооддоо баталгаажуулж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагад мэдээлэх, үхрийн сүрьеэ өвчнөөр тайван болохыг дотоодддоо баталгаажуулах сүүлчийн тандалтыг хэрэгжүүлж, үр дүнг Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлд хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ удаагийн зөвлөгөөнд ХХААХҮ-ийн дэд сайд, М.Ганхүлэг, сайдын  зөвлөх Б.Батбаатар, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, яамны бусад газрын дарга нар оролцлоо. Дэд сайд М.Ганхүлэг орон нутгийн удирдлагуудад хандан хэлэхдээ  УИХ-аас 2023 онд батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт түүний ач холбогдол,  хамгаалалтай аж ахуй, малын өвчин, халдваргүй тайван байдлыг хангах, баталгаажуулах, экспортыг дэмжих зэрэг олон асуудлуудыг хөндөж  эмнэлгийн салбарт цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг чиглэл өгөв.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!