Мэдээ мэдээлэл
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны
А/04 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ҮХРИЙН МЯЛЗАН ӨВЧӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (А-09, Rp- RINDERPEST)
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.
1.1. Зорилго: Үхрийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, өвчинтэй тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар тус тус ойлгоно.
1.2. Хамрах хүрээ: Үхрийн мялзан (ҮМ) өвчнөөр тайван бус болон энэ өвчин бүртгэгдсэн хот айл, ферм, бүс нутагт өвчинтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчин, мал өмчлөгч, иргэн, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.
1.3. Өвчний тодорхойлолт: ҮМ өвчин байнга халуурах, цусархаг эмгэгшил, тэжээл боловсруулах замын эрхтнүүдийн салст бүрхүүлийн үрэвсэлт үхжил болох шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгч, үүсгэгчийн тэсвэрт чанар: ҮМ өвчин Paramyxovirus овгийн morvilliviridae язгуурын РНК агуулсан вирусээр үүсгэгдэнэ. ҮМ өвчний үүсгэгч физик, химийн хүчин зүйлд тэсвэр муутай. Шээс баасанд 30 цагийн дараа, дулааны улиралд хүүрэнд 20-30 цаг, бууцанд 30 цаг, тасалгааны дулаанд 3-4 хоног, 60 хэмд хэдхэн минутын дараа идэвхээ алдана. Харин ясны чөмгөнд 30 хүртэл хоног хадгалагдана. Хатаасан арьс ширэнд эмгэг төрүүлэх чанараа 24-48 цагийн дотор алдана. Шинэ маханд 4-6 цаг, давсалсан маханд 28 хоногт идэвхээ хадгална.
1.5. Өвчний тархварзүйн онцлог: Үхэр сарлаг мэдрэмтгий, жилийн аль ч улиралд голомтлон гарч үүлдэр, нас, хүйс харгалзахгүйгээр өвчилнө. Халдвар агаар дуслын замаар тархаж мэдрэмтгий малыг богино хугацаанд олон тоогоор зэрэг өвчлүүлдэг онцлогтой. Өвчний халдвар тэжээл боловсруулах замаар дамжих нь ховор. Тугал, өсвөр бага насны үхэр илүү хүндээр өвчлөн, үхэл хорогдол ихтэй байдаг.
1.6. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй үхэр, сарлаг, уг өвчнөөр үхсэн үхрийн хүүр, зориуд нядалсан үхрийн мах, арьс шир, яс, халдварын эх үүсвэр болно. Үхрийн баас, шээс, нус, нулимс, сүү, үтрээний салс, цус зэргээр дамжин үүсгэгч гадаад орчинд тархана. Халдвар зэрлэг салаа туруутан амьтдаар дамжин тархах эрсдэлтэй.
1.7. Эмнэлзүйн шинж тэмдэг: Нууц үе 3-21 хоног байна. Өвчин ихэвчлэн цочмог явцтай байх ба цахилгаан, цочмогдуу явцтай байх нь ховор. Тодорхой хэв шинжит бус, хээл хаях, далд хэлбэрээр илэрч болно. Цочмог явцтай үед биеийн халуун гэнэт, огцом нэмэгдэх, амьсгал, судасны тоо олшрох, ил харагдах салст бүрхүүлүүд бага зэрэг улайх, үргэмтгий болох, сүү татрах ба цагаан эсийн тоо цөөрнө. Гэрлээс айх, нулимс гоожих, хамрын хөндийн салст бүрхүүл үрэвсэх шинж тэмдэг илэрч өвчний 3-4 дэх өдрөөс уруул, завьж, буйл, хэл, тагнай, багалзуурын салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл цус харвалт, олон тооны саарал, шардуу өнгөтэй жижиг үхэжлийн голомтууд үүснэ. Голомтууд задарч улаан ёроолтой, тэгш бус захтай, цус гоожсон шарх болох ба зовхины идээт үрэвсэл, хамрын хөндий, үтрээний салст идээт үрэвсэл болно. Салст бүрхүүл гэмтэхээс гадна шүлс ихээр гоожиж хамраас цусны хольцтой салст идээтэй гоождос, үтрээнээс идээтэй буртаг гарна. Зовхи хавагнаж цус харвасан байна. Өвчилсөн үхэр ханиалгаж, хээл хаяна. Өвчний төгсгөлд малын биеийн байдал эрс доройтож шардуу, унжралдсан хүрэн өнгөтэй, цус, салс, залхаг бүхий усан чацга сул гоожуулна. Биеийн халуун буурч амьсгал эмзэглэлтэй, хэвлийн хэлбэртэй болно. Шингэн алдснаас амархан эцэж турна хүзүү нугалж хэвтэнэ. 4-10 хоноод үхнэ. Хэт цочмог явцтай үед маш өндөр халуурч үжил, цусархаг эмгэгшил болж 1-2 хоноод үхнэ. Цочмогдуу явц мялзан өвчин байнга гардаг нутагт тохиолдоно. Халуурч нүд, хамар, амны хөндий, ходоод гэдэсний замын салст бүрхүүл үхжлийн гэмтэлгүйгээр үрэвссэн байна. Өвчний 6-7 дахь хоногт биеийн халуун буурч яр, шарх эдгэрч чацга алдалт зогсоно. Өвчин 2-3 долоо хоног үргэлжилж ихэвчлэн эдгэрэх боловч тугал олноор хорогдоно. Хээл хаяулах хэлбэрийн үед түр зуур халуурах, чацга алдах бөгөөд амны салст бүрхүүлд гэмтэл илрэхгүй. Үхэл байдаггүй. Далд хэлбэрийн үед эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд халдварыг зөвхөн лабораторийн шинжилгээгээр илрүүлнэ.
1.8. Бие бүтцийн эмгэг хувирал: Амны хөндий, багалзуур, нарийн гэдэс болон хааяа бүдүүн гэдэс, олгой, шулуун гэдэсний салст бүрхүүлд үхжилт гэмтлүүд гарч нэвчмэл, үргэлжилсэн улайлт, цус харвалт, үхжил, олон тооны саарал, шаргалдуу өнгөтэй жижиг үхжлийн голомтууд, улаан ёроолтой тэгш бус захтай яр шарх үүссэн байна. Улаан хоолойд ямар нэгэн өөрчлөлтгүй, чацархайн булчирхайнууд томорч, цус харвасан, үхжлийн голомтууд үүссэн байна. Уушиг цусаар дүүрсэн, хавагнасан, цус харвалттай, идээт ширхэгэнцрээр хучигдсан, сахуулайт хэлтэрийн үрэвсэл болсон байна. Элэг өмрөмтгий, шавар шиг өнгөтэй эмгэг хувирал илэрнэ. Бөөр хавагнасан, цус харавсан, шээс тунадастай, улаан өнгөтэй байна. Цөсний уут хар хүрэн өнгөтэй цөсөөр дүүрсэн байна
ХОЁР. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ.
2.1. Оношилгоо: Өвчний тархварзүйн онцлог, өвчилсөн малын эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирал болон лабораторийн шинжилгээний онош тавина. Шинжилгээнд эсрэгтөрөгч илрүүлэх түргэн сорилыг зааврын дагуу ашиглана. ҮМ өвчтэй, сэжигтэй тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2018)1-ын дагуу дээж авч лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна.
2.1.1. Лабораторийн оношилгоо: Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд бодит цагийн полимеразын гинжин урвал (ПГУ), буцаан хувиргах полимеразын гинжин урвал, эсрэгтөрөгч, эсрэгбием илрүүлэх илрүүлэх ЕЛИЗА, вирус өсгөвөрлөн ялгах, вирус саармагжуулах аргаар нарийвчлан шинжилж оношийг баталгаажуулна. Оношлох болон баталгаажуулах шинжилгээнд ҮМ өвчний дэлхийн, эсхүл бүсийн лавлагааны лаборатори зохион бүтээсэн, эсхүл зөвлөсөн оношлуурыг хэрэглэнэ.
2.1.2. Ялгаварлах оношилгоо: Хорт салст халуурал, вируст диарей, шүлхий, үхрийн цээж, иж балнад, иж сүрьеэ, бог малын мялзангаас ялгаварлан оношилно.
2.2. Эмчилгээ: эмчлэхгүй.
2.3. Хорио цээрийн дэглэм тогтоон тэмцэх:
2.3.1. ҮМ өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож тэмцэх өвчний ангилалд хамаарна. ҮМ өвчний онош лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, хот айл, ферм, аж ахуй, бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)”-ыг болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.
2.3.2. Хорио цээрийн дэглэмийн үед голомтын бүсийн хилийн заагийг өвчний голомтоос 10 км хүртлэх зайтай орших нутаг дэвсгэрийг хамруулан тогтооно.
2.3.3. Өвчний голомтод ажиллаж байгаа малын эмч тархварзүйн судалгаа хийж өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирлыг баримтжуулж, гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл өдөр бүр хөтлөнө.
2.3.4. Голомтод байгаа малчдад ҮМ өвчин, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж зөвлөгөө өгнө.
2.3.5. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон газар нутгийн хил хязгаар, өвчний голомт болон голомтод байгаа хот айл, үхрийн аж ахуй, фермийн байршил, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэн өнгөрүүлэх цэг, шилжилт, хөдөлгөөний гол зам зэргийг заасан тархварзүйн зураглал үйлдэнэ.
2.3.6. Хорио цээрийн дэглэм тогтоосон халдварын голомт, сэжигтэй, хамгаалалтын бүс нутгаас мал шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болон хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгийн өвчтэй малын сүү, мах, арьс шир ашиглахыг дэглэмийн үргэлжлэх хугацаанд хориглоно.
2.3.7 Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатаах болон биотермийн аргаар, хашаа, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг химийн бодис, халдваргүйтгэлийн бэлдмэлээр халдваргүйтгэнэ.
2.3.8. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар (МЭЕГ-2018-А\52-Х2)-ыг баримтлан халдваргүйтгэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.3.9. Тогтоосон хорио цээрийн дэглэмийг сүүлчийн өвчилсөн үхэр үхсэн, устгаснаас хойш 30 хоногийн дараа үхэр дахин өвчлөөгүй бол үхэрт эмнэл зүйн үзлэг хийж, өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, хэвтэр бууц, ус болон тэжээлийн онгоц зэрэгт төгсгөлийн халдваргүйтгэл хийж, мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хорио цээрийн дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр дэглэм бууруулж, хязгаарлалтын 14 хоногийн дэглэмд шилжүүлнэ.
2.3.10. Тандалт: МЭЕГ нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ҮМ өвчний тандалтыг улсын хэмжээнд тандах төлөвлөгөөг жил бүрийн 01 дүгээр сарын дотор батлан, батлагдсан төлөвлөгөөг аймаг, сум , дүүргийн мал эмнэлгийн сүлжээ лаборатори, сум, дүүргийн тасаг хамтран хэрэгжүүлнэ.
2.3.11. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтрэх эрсдэлийн үнэлгээг хийж, халдвар дамжих боломжит замыг хяналтад авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.
2.3.12. ҮМ өвчнийг аль болох эрт илрүүлэх, өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрсдэлтэй, эрүүл бүс нутгийн малд идэвхтэй тандалтыг тархварзүйн аргачлалын дагуу мэргэжлийн баг жил бүр хийж, дүн, дүгнэлт мэдээг харъяалах дээд шатны мал эмнэлгийн байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.
2.4. Өвчтэй мал, амьтныг устгах:
2.4.1. ҮМ өвчний голомт бүхий аж ахуй, ферм, хот айлын үхрийг, эрүүл өвчтэй гэж ялгахгүйгээр сүргээр нь толгой дараалан устгана. Өвчний голомтыг бүрэн биоаюулгүй болгох иж бүрдэл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.4.2. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)-ын дагуу устгалын ажлыг зохион байгуулж хэрэгжилтэд хяналт тавина.
2.4.3. Халдварын голомтод зайлшгүй шаардлагаар устгасан үхрийн нөхөн төлбөрийг тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх хэмжээгээр эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн мал өмчлөгчид улсын төсвөөс олгоно.
2.4.4. Голомтын бүсэд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын “Газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-д заасан зөвлөмжийг баримтална.
2.5. Импортын мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:
2.5.1. ҮМ өвчнөөр тайван болон тайван бус орноос амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлох тохиолдолд (ДМАЭМБ)-ын “Газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-14.26–д заасан зөвлөмжийг үндэслэн экспортлогч, импортлогч орны мал эмнэлгийн эрх бүхий байгууллагын хооронд байгуулсан амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдсан шаардлага, нөхцөлийг мөрдөн хэрэгжүүлнэ.
2.5.2. ҮМ өвчин дахин сэргэсэн тохиолдолд Үхэр импортлохын өмнө экспортлогч орны ҮМ өвчний тархварзүйн байдалд МЭЕГ-аас хийсэн эрсдэлийн дүн шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан импортын зөвшөөрөл олгоно. Импортоор оруулж ирсэн үхрийг 21 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтад байлгаж шинжилгээнд хамруулна.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.
3.1. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:
3.1.1. МЭЕГ, аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага ҮМ өвчний илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биоаюулын хамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчид, мал өмчлөгчдөд түгээх, удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.
3.1.2. Малчид, мал өмчлөгчид уг өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.
3.1.3. Малчид, хот айл, үхрийн аж ахуй эрхлэгчид мал маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ “Малын хашаа, байр байр,тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг заавар (МЭЕГ-2018 – А\52 –Х)-ын холбогдох заалтыг хэрэгжүүлнэ.
3.1.4. ҮМ өвчтэй, эрүүл үхрийг нэг хашаанд байлгах, хамт хариулах, бэлчээр, хэвтэр бууц, тэжээл, ус, хужрын онгоц нэгтэй байлгах, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн хяналт, зөвшөөрөлгүй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх, өвчний халдвар авсан үхрийг бэлчээрт маллагаагүй орхих зэргийг тус тус хориглоно.
3.2. Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:
3.2.1. ҮМ өвчин дахин сэргэсэн тохиолдолд өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг баримтлан зохион байгуулна.
3.2.2. Дархлаажуулалтад хэрэглэх вакцин нь Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэлтэй, чанарын шаардлага хангасан байна.
3.2.3. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хот айл, ферм, аж ахуйн үхрийг дархлаажуулна.
3.2.4. Дархлаажуулалтыг хамгаалалтын бүсийн гаднаас дотогшоо сэжигтэй болон голомтын бүс рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна.
3.2.5. Нэг аймаг, сум, дүүрэгт гарсан нэг тохиолдлын үед тухайн бүсэд байгаа үхэрт нэг үйлдвэрлэгчийн нэг төрлийн вакцин хэрэглэнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНЖҮҮЖИЛТ.
4.1. Тархварзүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:
4.1.1. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, өвчин гарсан нутгийн малчид, орон нутгийн удирдлагатай хамтран тухайн жил ҮМ өвчин гарсан цаг уур, бэлчээрийн нөхцөл, дархлаажуулалтын хугацаа, чанар, санхүүжилт зэрэг өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх хүчин зүйлд оролцооны аргаар тандалт, судалгаа, дүн шинжилгээ хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.
4.1.2. аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага нь орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтад хамруулах малын тоо, толгойн мэдээллийг МЭЕГ-т, шаардлагатай тохиолдолд түргэн оношлуурын тооцоог УМЭАЦТЛ-т жил бүрийн хоёрдугаар улирлын эхний сард багтаан орон нутгийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлж, шийдвэрлүүлнэ.
4.1.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгэтгэн жил бүрийн 2-р улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:
- Тархварзүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан ҮМ өвчин гарахаас сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,
- Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөтэй байна.
- 4.2. Санхүүжилт: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Засгийн газрын Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай тогтоолын (ЗГ-2018-225)1 дагуу ҮМ өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ
------------------------ о0о ----------------------
ҮХРИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГААНЫ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)
ТОДОРХОЙЛОЛТ: Дэгдэлтийн судалгаа системтэй, цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагаанд ашиглагдана.
ЗОРИЛГО
· Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийг тодорхойлох
· Халдвар цааш тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох
· Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх
ХАМРАХ ХҮРЭЭ: Энэхүү САЗ нь үхрийн мялзан өвчний дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчим болон үе шатыг тодорхойлно.
ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ
· Малын эмч нар
· Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
· Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).
· Лабораторийн мэргэжилтэн
· Аймаг, сумын малын эмч нар
ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ (тухайн нөхцөл байдалд тохируулж тоо ширхэгийг тооцоолно)
· Нэг удаагийн бээлий
· Усны гутал
· Хормогч
· Улавч
· Хайч
· Чимхүүр
· Дээж хадгалах уусмал (50% PBS glycerine saline)
· Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил
· Цус бүлэгнүүлэгчтэй хуруу шил
· Зүү баригч
· 16G хэмжээтэй зүү
· Маркер -
· Дээжний сав
· Хаягдлын уут
· Халдваргүйжүүлэгч бодис
· Гар ариутгагч
· GPS
· Дэгдэлтийн судалгаа авах маягт
· Лабораторид дээж илгээх маягт
· Хэвлэсэн бичмэл заавар
· Дэвтэр, бал
ДЭГДЭЛТИЙН СУДАЛГААНЫ ДАРААЛАЛ
1. Дэгдэлтийн судалгааны бэлтгэл хангах:
· Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх
· Багийн гишүүн тус бүрийн оролцоо тохирох
· Шаардлагатай материал ба ложистикийн зохион байгуулалт (материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг шалгах)
· Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээллийн маягт, дэвтэр, зөөврийн компьютер, GPS.
· Сорьц авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, сорьцын сав, вирусын тэжээлт орчин
· Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд
· Тээврийн хэрэгсэл
2. Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:
· Аймаг, сум, багийн нэр
· Очих малчны нэр, утасны дугаар
· Мал аж ахуй эрхлэх хэлбэр, малын тоо (эрчимжсэн, хагас эрчимжсэн, нүүдлийн мал аж ахуйн аль нь болох үхэр, хонь, ямаа, гахайтай эсэх)
· Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.
3. Дэгдэлтийн судалгаа хийх
· Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа Биохамгааллын дэглэмийг чанд мөрдөнө. Биохамгааллын САЗ-ыг харна уу.
· Хавсралт 1-т байгаа асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.
· Малаас сорьц авч, лаборторид илгээнэ. Сорьцын тоо тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.
4. Тайлагнах
Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, Хавсралт 1-ийн дагуу цуглуулсан мэдээлэл, сорьц авсан малын лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорх мэдээллийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.
Цаг хугацаа (эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)
· Эхний тохиолдол хэзээ илэрсэн
· Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн?
· Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийсэн?
· Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын алин болох?
Мал амьтан (дайралтын төвшин, эрсдлүүд гэх мэт.)
· Малын төрөл, сүргийн хооронд дайралтын төвшин ялгаатай байгаа эсэх
· Ямар төрөл зүйлийн малд дайралтын төвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх
· Дайралтын төвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?
·
Газар нутаг (Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт)
· Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн?
· Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж малын төрөл, зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?
· Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?
Зэрлэг амьтад
· Тухайн бүс нутагт салаа туурайтай зэрлэг амьтад байдаг эсэх
· Ойр орчимд салаа туурайтай зэрлэг амьтдад үхрийн мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх
Дархлаажуулалтын түүх
· Дархлаажуулалтын талаарх бүртгэл шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь үхрийн мялзан болон бусад өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэх
Таамаглал дэвшүүлэх
· Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал
· Тархалтын хэлбэр
· Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх
· Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох
· Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?
5. ЗӨВЛӨМЖ
· Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.
------------------------- о о 0 о о ----------------------
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг,
E-mail: tungalag@vet.gov.mn; ttungaa102@gmail.com
Утас:
99023372
Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Ч.Цэнд
E-mail: Tsend@vet.gov.mn; Tsend.0423@gmail.com
Утас:
261601, 98001999
Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!