ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (A-04, SP/GP- SHEEP AND GOAT POX)

2022/12/13

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын   2018 оны

          А/58 дүгээр тушаалын хавсралт.

ХОНЬ, ЯМААНЫ ЦЭЦЭГ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

(A-04, SP/GP- SHEEP AND GOAT POX)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

1.1. Зорилго: Хонь, ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд оршино. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, өвчинтэй тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар тус тус ойлгоно

1.2. Хамрах хүрээ: Хонь, ямааны цэцэг (ХЯЦ) өвчнөөр тайван бус болон энэ өвчин бүртгэгдсэн хот айл, ферм, бүс нутагт өвчинтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчин, мал өмчлөгч, иргэн, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.

1.3. Өвчний тодорхойлолт: ХЯЦ өвчин халуурах, арьс, салт бүрхүүлд цэврүүт гүвдрүү үүсэх, дотоод эрхтэнд эмгэгт өөрчлөлт үрэвслийн шинж тэмдэгээр илэрдэг гоц халдварт өвчин.

1.4. Үүсгэгч, үүсгэгчийн тэсвэрт чанар: ХЯЦ өвчин Poxviridae овогт хамаарах Capripoxvirus вирусээр үүсгэгддэг. Цэцгийн үүсгэгч малын биед болон гадаад орчин, түүхий эдэд удаан хугацаанд идэвхээ алдахгүй удаан хугацаанд хадгална. Өвчилж эдгэрсэн малын үс ноосонд 2 сар хүртэл, гадаад орчинд 2-6 сар, 2-40С-ийн хэмд 2-4 жил хүртэл халдварлах чанараа алдахгүй.

1.5. Тархвар зүйн онцлог: ХЯЦ вирусээр хонь, ямаа өвчлөх ба бусад мал, амьтан өвчилдэггүй. Хонь, ямааны цэцэг өвчний үүсгэгч нэг төрөлд хамаарах боловч хонины цэцгийн вирус хонийг, ямааны цэцгийн вирус ямааг тус тус өвчлүүлнэ. ХЯЦ өвчний дэгдэлт жилийн аль ч улиралд олон тооны малыг хамран дэлгэрч, нас хүйс харгалзахгүй өвчлөх ба хүйтний улиралд гарсан тохиолдолд өсвөр насны төлд хүндрэлтэй, үхэл хорогдол өндөр байх эрсдэлтэй. Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг богино хугацаанд олон тооны малд илрэх үед вирусын хоруу чанар ихсэж өвчилсөн хонь, ямаа олноор хорогдоно, 4-ээс доош сарын бойжилттой төлийн үхэл 100 хувьд хүрч болно.

1.6. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй хонь, ямаа, вирусээр бохирлогдсон малын хашаа хороо, бэлчээр, тээврийн хэрэгсэл, өвс тэжээлийн үлдэгдэл, ноос, ноолуур, бусад зүйлс халдварын эх үүсвэр болдог. Арьсны цэврүү, гүвдрүү тав бүхий шарх, шүлс, нус, нулимс, нуух, сүү, шээсээр дамжин вирус ялгарч гадаад орчныг бохирдуулна. Гэмтсэн арьс, салст бүрхүүл, амьсгалын замаар дамжин халдварлана. Малын шилжилт хөдөлгөөнөөр дамжин бүс нутгийг хамран дэгдэх аюултай.

1.7. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 8-13 хоног зарим тохиолдолд хонины цэцэг өвчний нууц үе 4-8, ямааны цэцгийн нууц үе 5-14 хүртэл хоног байна. Биеийн халуун 410С хэмд хүрч 1-5 өдрийн турш халуурна, тэжээлийн дуршил буурна, суга, цавь, сүүлний дотор талд цусархаг дугуй хэлбэртэй ягаан өнгийн хаван бий болох ба хаван хатуу хүрээтэй гүвдрүү болж томорно. Гүвдрүү шингэнээр дүүрч цэврүү үүснэ. Гүвдрүүний нимгэн тав 5-6 хоноод хуурна. Өвчилсөн малын нуруун дээр дарахад маш их эмзэглэлтэй байна. Гарт тэмтрэгдэх тунгалагийн зангилаанууд ялангуяа далны өмнөх тунгалагийн зангилаа томорно. Нүд, ам, хамраас салст идээт нус, нуух гоожих, зовхи хавагнах, судасны лугшилт олширч амьсгал түргэснэ. Цэцгийн тууралтын гүвдрүү ихэвчлэн толгой, уруул, хамрын самсаа, шанаа, нүдний орчим болон цавь, суга, дэлэн, хуухнаг, гуя, сүүлний дотор талын нимгэн арьс бүхий үсгүй хэсгээр илэрнэ. Цэцгээр өвчилсөн хонь, ямаанд амьсгалын болон тэжээл боловсруулах эрхтний үрэвсэл байнга тохиолдоно. Нүдний эвэрлэг бүрхүүл гэмтсэнээс хараагүй болно. Өвчин хүндэрсэн үед гүвдрүүнүүд хоорондоо нийлж арьсны ихээхэн талбайг гэмтээхийн дээр идээт үрэвсэл хавсарна. Гүвдрүү орчмын тав хуурсны дараа яршиж, шархална. Хоёрдогч нянгийн халдвараар хүндэрснээс үхлийн хувь өндөр байх эрсдэлтэй. Зарим тохиолдолд хээлтэй хонь, ямаа цэцгээр өвчилсөн үед хээл хаях, үхсэн төл гарах шинж тэмдэг илэрнэ.

1.8. Бие бүтцийн эмгэг хувирал: Гол хувирал арьс, амьсгал, тэжээл боловсруулах эрхтэнүүдэд илэрнэ. Зууван хэлбэртэй жижиг гүвдрүүнүүд үс, ноос багатай хэсэгт тод харагдана. Гүвдрүү орчмын арьс хавагнасан байх ба толгойн нүүрний хэсэг, нүдний орчимд хаван тод ажиглагдана. Арьсны үхэжсэн хэсэгт сорви үлдэнэ. Яр шарх арьсны доорхи эслэгт хүрч идээлж үхсэн малын хүүр өмхий үнэртэй байна. Дотор эрхтнүүдээс уушгинд өвөрмөц хувиралт ажиглагдах бөгөөд гадарга дээр 1 см хүртэл хэмжээтэй дугуй олон талт хэлбэртэй цайвар саарал, хар хүрэн өнгөтэй голомтууд үүссэн байдаг. Мөн хамрын салст бүрхүүлд цусархаг , хавагнасан, цайвар өнгөтэй голомт, шархлаа үүссэн байна. Тунгалагийн зангилаа томорч, улаавтар өнгөтэй эмгэгийн хувирал илэрнэ.

 

ХОЁР. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ.

 2.1. Оношилгоо. Өвчний тархвар зүйн онцлог, өвчилсөн малын эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирал ХЯЦ өвчтэй, сэжигтэй тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам (МЭЕГ 2018)-ын дагуу дээж авч лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна.

2.1.1. Лабораторийн оношилгоо: Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд бодит цагийн полимеразын гинжин урвал (ПГУ), буцаан хувиргах полимеразын гинжин урвал, эсрэгтөрөгч болон эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА, вирус өсгөвөрлөн ялгах, вирус саармагжуулах аргаар нарийвчлан шинжилж оношийг баталгаажуулна. Оношлох болон баталгаажуулах шинжилгээнд ХЯЦ өвчний дэлхийн эсхүл бүсийн лавлагааны лабораторид зохион бүтээсэн, эсхүл зөвлөсөн оношлуурыг хэрэглэнэ.

2.1.2. Ялгаварлан оношлох: Шөвөг яр, бог малын мялзан, хэл хөхрөх, цахлай, хамуу, арьсны үрэвсэл, шавьжинд хазуулсан шарх зэргээс ялгаварлан оношилно.

2.2. Эмчилгээ: Хоёрдогч халдвараар хүндрэх нь элбэг тул нянгийн эсрэг өргөн хүрээтэй, уртасгасан үйлчлэлтэй, Монгол улсын малын эмийн бүртгэлтэй антибиотикийг сонгон зааврынх нь дагуу хэрэглэнэ. Антибиотикийг олгох, хэрэглэхдээ мал, амьтны эмийг жороор олгох, хэрэглэх журмыг баримтална. Эмнэлзүйн үзлэгийн дүнгээс хамаарч шинж тэмдэгийн бусад эмчилгээ хийнэ.

2.3. Хорио цээрийн дэглэм тогтоон тэмцэх:

2.3.1. ХЯЦ өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож тэмцэх өвчний ангилалд хамаарна.

2.3.2. ХЯЦ өвчний онош тогтоогдож лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хот айл, ферм, бог малын суурь, бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)” болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.

2.3.3. Хорио цээрийн дэглэмийн үед голомтын бүсийн хилийн заагийг өвчний голомтоос 10 км хүртлэх зайнд орших нутаг дэвсгэрийг хамруулан тогтооно.

2.3.4. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутагт байгаа өвчний голомт бүхий хот айл, ферм, аж ахуй ХЯЦ өвчтэй, эрүүл малыг нэг хашаанд хотлуулах, хамт хариулах, бэлчээр, хэвтэр бууц, тэжээл, ус, хужрын онгоц нэгтэй байлгах, өвчний халдвар авсан малыг бэлчээрт маллагаагүй орхих, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн хяналт зөвшөөрөлгүй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхийг тус тус хориглоно.

2.3.5. Өвчний голомтонд ажиллаж байгаа малын эмч тархвар зүйн судалгаа хийж өвчний эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг өөрчлөлтүүдийг баримтжуулж гүйцэтгэсэн ажлын тэмдэглэл өдөр бүр хөтлөнө.

2.3.6. Голомтонд байгаа хот айл, ферм, аж ахуйн малчдад ХЯЦ өвчний болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж зөвлөгөө өгнө.

2.3.7. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон газар нутгийн хил хязгаарын зааг, өвчний голомт болон голомтонд байгаа малчид, хот айл, ферм, аж ахуйн байршил, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэн өнгөрүүлэх цэг, гол зам зэргийг заасан тархварзүйн зураглал үйлдэнэ.

2.3.8. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон халдварын голомтын бүс, сэжитэй бүс, хамгаалалтын бүс нутгаас мал шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг дэглэм тогтоосон хугацаанд хориглох ба хорионы дэглэм тогтоосон бүс нутгийн өвчтэй малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ашиглахыг хориглоно. ХЯЦ үхсэн бог малыг өвчилгүйгээр арьс, хялгас, ноостой нь хамт устгана.

2.3.9. Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг биотермийн эсхүл шатаах аргаар, хашаа, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг химийн бодис, халдваргүйтгэлийн бэлдмэлээр халдваргүйтгэнэ.

2.3.10. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)-ын дагуу үхсэн малын хүүр, сэг зэм устгуулах, Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн заавар (МЭЕГ-2018-А\52-Х2)-ыг баримтлан халдваргүйтгэх арга хэмжээ авна.

2.3.11. Хорио цээрийн дэглэмийг сүүлчийн өвчилсөн мал эдгэрсэн, үхсэнээс хойш 30 хоногийн дараа мал дахин өвчлөөгүй бол бүх малд э‎мнэ‎л зүйн үзлэг хийж, өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан хашаа, байр, х‎эвтэ‎р, тоног хэрэгсэл, усны болон т‎эжээ‎‎лийн онгоц зэрэгт төгсгөлийн халдваргүйжүүлэлт хийж мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр бууруулж хязгаарлалтын 14 хоногийн дэглэмд шилжүүлнэ.

2.3.12. Тандалт: МЭЕГ-нь мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ХЯЦ өвчний тандах төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр улиралд батлан, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн тасаг хамтран цэцэг өвчний тандалтыг эрсдэлийн үнэлгээ, эмнэл зүйн шинж тэмдэгт суурилан хийж, батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

           2.3.13. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтэрч болох эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулж дамжих нэвтрэх боломжит замуудыг хяналтанд авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

2.3.14. ХЯЦ өвчнийг аль болох эрт илрүүлэх, өвчинтэй тэмцэх урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрсдэлтэй, эрүүл бүс нутгийн малд идэвхтэй тандалтыг тархварзүйн аргачлалын дагуу мэргэжлийн баг жил бүр тодорхой хугацаанд хийж, дүн, дүгнэлт мэдээг харъяалах дээд шатны мал эмнэлгийн байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

2.4. Өвчтэй мал, амьтныг устгах арга хэмжээ:

2.4.1. Өвчний голомтонд байгаа ХЯЦ–ээр өвчилсөн малыг шаардлагаар төхөөрөхгүй, устгахгүй.

2.5. Голомтын бүсэд болон дэглэм цуцалсаны дараа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түхий эд бүтээгдэхүүнд тавих шаардлага :

2.5.1. Өвчний голомтод мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа малын эмч малд эмнэлзүйн үзлэг хийж, ил шинж тэмдэгтэй өвчилсөн малыг үндсэн сүргээс нь ялган тэмдэгжүүлж 45 -аас доошгүй хоног тусгаарлан маллуулах ба тусгаарласан сүргийн бог мал эмнэлзүйн шинж тэмдэггүй эдгэрсэн болох нь мал эмнэлгийн үзлэг, шинжилгээгээр баталгаажсан нөхцөлд үндсэн сүрэгт буцаан нийлүүлнэ.

2.5.2. Өвчний голомт бүхий хот айл, ферм, аж ахуйгаас хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг цуцалсанаас хойшхи 90 хоногт эмнэлзүйн хувьд эрүүл, дархлаажуулалтад хамрагдсан бог малын шилжилт хөдөлгөөнийг тухайн сум дүүргийн мал эмнэлгийн тасгийн зөвшөөрөл, хяналтын дор зах зээлд нийлүүлнэ.

2.5.3. Голомтын бүсэд мал, амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх болон хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд тавих шаардлагыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын “Газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-д заасан зөвлөмжүүдийг баримтална.

2.6. Импортын мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:  

         2.6.1. ХЯЦ өвчнөөр тайван болон тайван бус орноос мал, амьтан, тэдгээрийн гаралтай эд бүтээгдэхүүн импортлох тохиолдолд ДМАЭМБ-ын “Газрын амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-14.26 –д заасан зөвлөмж болон экспортлогч, импортлогч орнуудын мал эмнэлгийн эрх бүхий байгууллагуудын хооронд байгуулсан амьд мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэвэр , эрүүл ахуйн талаар тавигдсан шаардлага нөхцлийг ханган, мөрдөн хэрэгжүүлнэ.

2.6.2. Бог малыг импортлохын өмнө экспортлогч орны ХЯЦ өвчний гаралт, тархалтын байдалд МЭЕГ-аас хийсэн эрсдэлийн дүн шинжилгээ, үнэлгээнд тулгуурлан импортын зөвшөөрөл олгоно. Импортоор оруулж ирсэн бог малыг 21 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэмд байлгаж шинжилгээнд хамруулна.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ.

3.1. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:

3.1.1.МЭЕГ, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг ХЯЦ өвчний илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биоаюулын хамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчид, мал өмчлөгчдөд түгээх, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллана.

3.1.2. Хот айл, ферм, аж ахуйнууд уг өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.

3.1.3. Малчин, хот айл, ферм, аж ахуйнууд мал маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ “Малын хашаа, байр байр,тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг заавар (МЭЕГ-2018-А\52)1-ын холбогдох заалтыг дагаж хэрэгжүүлнэ.

3.2. Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:

3.2.1. ХЯЦ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг мөрдөн зохион байгуулж хэрэгжүүлнэ.

3.2.2. Дархлаажуулалтад хэрэглэх вакцин нь улсын малын эмийн бүртгэлд бүртгэлтэй, чанарын шаардлага хангасан байна.

3.2.3. Голомтын бүсэд байгаа эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлээгүй бог малыг урьдчилан сэргийлж дархлаажуулна.

3.2.4. Дархлаажуулалтыг хамгаалалтын бүсийн гаднаас дотогшоо сэжигтэй болон голомтын бүс рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна.

3.2.5. Нэг аймаг, сум, дүүрэгт гарсан нэг тохиолдлын үед тухайн бүсэд байгаа бог малд нэг үйлдвэрлэгчийн нэг төрлийн вакцин хэрэглэнэ.

 

ДӨРӨВ. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНЖҮҮЖИЛТ.

4.1. Тархвар зүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:

4.1.1. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, өвчин гарсан нутгийн малчид, орон нутгийн удирдлагатай хамтран тухайн жил ХЯЦ өвчин гарсан цаг уур, бэлчээрийн нөхцөл, дархлаажуулалтын хугацаа, чанар, санхүүжилт зэрэг өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх хүчин зүйлд оролцооны аргаар тандалт судалгаа хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.

4.1.2. аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага нь орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан хамруулах малын тоо, толгойн мэдээллийг МЭЕГ-т жил бүрийн хоёрдугаар улирлын эхний сард багтаан орон нутгийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

4.2.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгтгээд жил бүрийн 2-р улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:

-  Тархвар зүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан ХЯЦ өвчин гарахаас сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,

-  ХЯЦ өвчнөөс дархлаажуулалтын ажил, бүс нутаг дэвсгэрийнхээ хүрээнд мал сүргийг ХЯЦ өвчнөөр тайван эрүүл бүсийн хөтөлбөр, төсөл, бэлэн байдлын дэд төлөвлөгөө хиййнэ.

-  Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөө хийнэ.

4.2. Санхүүжилт: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1- дүгээр хэсэг, Монгол улсын Засгийн газрын Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай тогтоолын (ЗГ-2018-255)1 дагуу ХЯЦ өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ

 

----------------------------- о о 0 о о ------------------------

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг,

E-mailtungalag@vet.gov.mn; ttungaa102@gmail.com

Утас:

99023372

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Ч.Цэнд

E-mailTsend@vet.gov.mn; Tsend.0423@gmail.com

Утас:

261601, 98001999

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!