БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

2022/12/14

журмын төсөлд санал өгөх

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 201                                 А/04 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт

 

 

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

 (А-01, PPR- PESTE DES PETITS RUMINANTS )

 

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ.

1.1. Зорилго: Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг оновчтой, шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд энэхүү зааврын зорилго оршино. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.6-д, өвчинтэй тэмцэх арга хэмжээг мөн хуулийн 4.1.7-д заасан утгаар ойлгоно.

1.2. Хамрах хүрээ: Бог малын мялзан (БММ) өвчнөөр тайван бус болон энэ өвчин бүртгэгдсэн хот айл, ферм, бүс нутагт өвчинтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү зааврыг ашиглана. Зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчин, мал өмчлөгч, иргэн, хуулийн этгээд, орон нутгийн удирдлага дагаж мөрдөнө.

1.3. Өвчний тодорхойлолт: Бог мал, мэдрэмтгий зэрлэг амьтан халуурах, хамраас шингэн гоожих, чацга алдах, уушиг үрэвсэх шинж тэмдэгээр илэрдэг хавьтал халдварт өвчин.

1.4. Үүсгэгч, үүсгэгчийн тэсвэрт чанар: БММ өвчин Paramyxovirus овгийн morbilliviridae вирусээр үүсгэгдэнэ. Уг вирус ийлдсийн нэг хэвшилтэй хоруу чанар, нуклейн хүчлийн дарааллаас хамаарч 4 дэд хэвшилд хуваагдана. Физик, химийн хүчин зүйлд тэсвэргүй, хэт ягаан туяа болон нарны шууд тусгалд идэвхээ алдана, -20 хэмд 2-6 сар, давсалсан маханд 28 хоног, үхсэн малын тархинд 30 хоног хүртэл хадгалагдана, тасалгааны температурт 3-4 долоо хоногт, зуны улиралд хүүрэнд 20-30 цаг, бууцанд 30 цаг, бэлчээрт 36 цагийн дотор идэвхээ алдна.

1.5. Өвчний тархварзүйн онцлог: БММ өвчин нь ДМАЭМБ (OIE)-аас уг өвчнөөр тухайн улс эрүүл гэсэн статус авч баталгаажуулдаг 5 өвчний нэг өвчин юм.

Энэ өвчнөөр ямаа, хонь, бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир мэдрэмтгий. Үхэр, тэмээ, гахай байгалийн болон туршилтын нөхцөлд далд хэлбэрээр өвчилнө. Өвчний дэгдэлт жилийн аль ч улиралд гарна, бог малын нас, хүйс, үүлдэр, угсаа харгалзахгүйгээр өвчилнө. Өсвөр бага насны бог мал илүү хүндээр өвчлөх ба хонийг бодвол ямаанд эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрнэ. Өвчлөөд эдгэрсэн бог мал, зэрлэг амьтан удаан хугацаагаар вирус тээгч болдоггүй боловч өвчний эмнэлзүйн ил шинж тэмдэгтэй үедээ 7-14 хүртэл хоног биедээ вирус тээдэг болохыг судлаачид тэмдэглэсэн байна. Үүсгэгчийн хоруу чанар, өвчний явц, хүндрэлээс хамаарч сүргийн дундах халдвар 100 хувь хүртэл, үхэл 20-90% хүртэл байх өндөр эрсдэлтэй.

1.6. Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй бог мал, зэрлэг амьтан халдварын эх үүсвэр болно. Өвчний дэгдэлтийн үед бог мал, зэрлэг амьтан бэлчээр, тэжээл, ус нэгтэй тохиолдолд хавьтлын замаар харилцан халдвар авч, дамжуулна.

1.7. Эмнэлзүйн шинж тэмдэг: Вирусын хоруу чанар, амьтны төрөл, хавсарсан халдвар зэргээс шалтгаалан эмнэлзүйн шинж тэмдгийн илрэл, өвчлөл, хорогдол, өвчний тавилан янз бүр байна. Өвчний нууц үе 2-10 хоног хүртэл байх ба эмнэлзүйн шинж тэмдэг 3-6 хоногийн дараа илэрнэ. Өвчний явц ихэвчлэн цочмог хэлбэртэйгээр биеийн халуун 40-410С хэмд хүрч 3-5 хоног үргэлжлэн халуурна, номойрно, ус, тэжээлээс гарч, нүднээс нулимс гоожин, нуухтана, буйл улайна, амны хөндий шархлан үхжилт үрэвсэл болж өмхий үнэртэй болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Хамрын гоождос эхэн үед усархаг байснаа салсархаг, хоёрдогч халдвараас шалтгаалж идээт болж хувирна. Доод уруулын дотор тал, буйл үрэвсэж зарим тохиолдолд хэл саажиж унжина. Халдварын нууц үед нус, нуух, шүлс, шээс, баас, сүүгээр дамжин вирус гадагшилна. Тэжээл боловсруулах эрхтэнүүд гэмтэж өвчний эхний үед шингэн усархаг ногоон, хожуу шатанд цустай хар ногоон чацга алдаж шингэний дутагдалд орж эцэж турна. Өвчтэй бог малын хамарт гоождос, нус барьцалдан хатаж амьсгал давчдана. Хамраас салсархаг идээт гоождос 14 хоног үргэлжилж, бөгсөн бие нэлэнхүйдээ чацгаар бохирлогддог онцлогтой.

1.8. Бие бүтцийн эмгэг хувирал: Өвчнөөр үхсэн болон өвчтэй бог малыг шаардлагаар төхөөрч бие бүтцийн задлан хийхэд тэжээл боловсруулах эрхнүүдэд үхжилт, цусархаг үрэвслүүд үүсч, дэлүү хэвийн хэмжээнээс бага зэрэг томорсон, бөөрний тархилаг давхарга зөөлөрсөн, цээжний хөндийд шингэн ихтэй, цагаан мөгөөрсөн хоолой, хэвлийн гялтан хальс үрэвссэн эмгэг хувирал илэрнэ. Уушиг их хэмжээгээр голомтолсон үрэвсэлтэй, голомтууд нэгдэж цайвар өнгөтөй, тунгалагийн зангилаанууд томорсон, элэг зөөлөрч барихад бяцарч цоорно. Бүдүүн гэдэсний дотор хананд “тахийн судал” мэт цусархаг харвалт тогтсон байна.

 

ХОЁР. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ.

2.1. БММ өвчний тархварзүйн онцлог, өвчилсөн малын эмнэлзүйн шинж тэмдэг, бие бүтцийн эмгэг хувирлыг үндэслэн анхны онош тавина. Шинжилгээнд эсрэгтөрөгч илрүүлэх түргэн сорилыг зааврын дагуу ашиглана. БММ өвчтэй, эсвэл өвчний сэжигтэй тохиолдолд Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулан дээж авах, бэлтгэх, хадгалах, илгээх журам1 (МЭЕГ 2018)-ын дагуу дээж авч лабораторид хүргүүлэн өвчний оношийг баталгаажуулна. Голомттой бүс нутагт БММ өвчний үүсгэгчийн эсрэгбием илрүүлэх шинжилгээнээс гадна эсрэгтөрөгч илрүүлэх аргуудыг ашиглан шинжилж оношийг баталгаажуулна. Тандалт шинжилгээгээр эрүүл бүс нутгийн дархлаажуулалтад хамрагдаж байгаагүй мал сүргээс эсрэгбием илэрвэл шалтгааныг мөшгөн судалж тогтооно.

2.1.1. Лабораторийн оношилгоо: Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжийг бодит цагийн полимеразын гинжин урвал (ПГУ), буцаан хувиргах полимеразын гинжин урвал (БХ-ПГУ), эсрэгтөрөгч илрүүлэх ЕЛИЗА, эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА, вирус өсгөвөрлөн ялгах, генийн дараалал тогтоох, вирус саармагжуулах урвалаар нарийвчлан шинжилж оношийг баталгаажуулна. Оношлох, тандах болон баталгаажуулах шинжилгээнд БММ өвчний дэлхийн болон бүсийн лавлагаа лаборатори зохион бүтээсэн, эсхүл зөвлөсөн оношлуурыг хэрэглэнэ.

2.1.2. Ялгаварлан оношлох: Цусан халдвар, хонь, ямааны цэцэг, шүлхий, ямааны годрон, хэл хөхрөх, үнхэлцэг үрэвсэх, кокцидоз, ургамлын хордлого зэрэг өвчнөөс ялгаварлан оношилно.

2.2. Эмчилгээ: Хоёрдогч халдвараар хүндрэх нь элбэг тул нянгийн эсрэг өргөн хүр

 

ээтэй, уртасгасан үйлчлэлтэй, Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн антибиотикийг сонгон зааврын дагуу хэрэглэнэ. Антибиотикийг олгох, хэрэглэхдээ “Мал, амьтны эмийг жороор олгох, хэрэглэх журам”1-ыг баримтална. Эмнэлзүйн үзлэгийн дүнгээс хамаарч шинж тэмдэгийн бусад эмчилгээ хийнэ.

2.3. Хорио цээрийн дэглэм тогтоон тэмцэх:

2.3.1. БММ өвчин нь хорио цээрийн дэглэм тогтоож тэмцэх өвчний ангилалд хамаарна.

2.3.2. БММ өвчний онош тогтоогдож лабораторийн шинжилгээгээр баталгаажсан хот айл, ферм, аж ахуй, бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож өвчинтэй тэмцэх арга хэмжээг “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам (ЗГ-2018-266)1” болон энэхүү заавар, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн баримт бичгийг баримтлан хэрэгжүүлнэ.

2.3.3. Хорио цээрийн дэглэмийн үед голомтын бүсийн хилийн заагийг өвчний тархалтын нөхцөл байдлаас хамааруулан тогтооно.

2.3.4. Өвчний голомтод ажиллах мэргэжлийн багийн бүрэлдэхүүнд малын эмч, малын эмчийн туслах ажилтан ажиллаж голомтод байгаа бог малд эмнэлзүйн үзлэг хийж ил шинж тэмдэгтэй малыг ялган тусгаарлуулж шинж тэмдгийн эмчилгээнд хамруулна, эмнэлзүйн шинж тэмдэггүй эдгэрсэн малыг буцаан үндсэн сүрэгт нийлүүлнэ.

2.3.5. БММ өвчний голомт болон халдварын сэжиг бүхий бүс нутагт өвчтэй, эрүүл малыг нэг хашаанд хотлуулах, хамт хариулах, бэлчээр, хэвтэр бууц, тэжээл, ус, хужрын онгоц нэгтэй байлгах, өвчний халдвар авсан малыг бэлчээрт маллагаагүй орхих, халдвартай малыг эрүүл бүсэд авчрах, сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн зөвшөөрөлгүйгээр отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх, бог мал, мэдрэмтгий зэрлэг амьтны бэлчээр, ус давхцуулхыг хориглоно.

2.3.6. Голомтод байгаа хот айл, малчдад БММ өвчин болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж зөвлөгөө өгнө.

2.3.7. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон газар нутгийн хил хязгаар, өвчний голомт, голомтод байгаа хот айл, ферм, аж ахуйн байршил, халдваргүйтгэлийн болон хорио цээрийн нэвтрэх цэг, гол зам зэргийг багтаасан тархварзүйн зураглал үйлдэнэ.

2.3.8. Хорио цээрийн дэглэм тогтоосон халдварын голомтын болон сэжигтэй бүс нутгаас мал шилжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх болон хорио, хязгаарлалтын дэглэм тогтоосон бүс нутгийн малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ашиглахыг хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацаанд хориглоно. БММ-аар үхсэн бог малыг арьс, ноостой нь устгана.

2.3.9. Өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг биотермийн аргаар, хашаа, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг химийн бодис, халдваргүйтгэлийн бэлдмэлээр халдваргүйтгэнэ.

2.3.10. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж мал амьтны хүүр, сэг, зэм устгах үйл ажиллагааны заавар (МЭЕГ-2018-А/52-Х1)1-ыг баримтлан хүүр, сэг зэм устгах, мал эмнэлгийн халдваргүйтгэлийн арга хэмжээний заавар (МЭЕГ-2018-А\52-Х2)1-ыг баримтлан халдваргүйтгэх арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

2.3.11. Хорио цээрийн дэглэмийг сүүлчийн өвчилсөн мал эдгэрч сүрэгт нийлүүлсэн, эсхүл үхсэнээс хойш 21 хоногийн дараа мал, амьтан дахин өвчлөөгүй бол бүх сүрэгт э‎мнэ‎л зүйн үзлэг хийж, өвчтэй мал байсан хашаа, байр, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, х‎эвтэ‎р, ус болон т‎эжээ‎‎лийн онгоц зэрэгт төгсгөлийн халдваргүйтгэл хийж, мал ‎эмнэ‎лгийн байгууллагын саналыг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон албан тушаалтны шийдвэрээр дэглэмийг бууруулж 14-с доошгүй хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ.

2.4. Тандалт: Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь БММ өвчнийг улсын хэмжээнд тандах төлөвлөгөөг жил бүрийн 1 дүгээр улиралд батлан, батлагдсан төлөвлөгөөг аймаг, сум, дүүргийн мал эмнэлгийн сүлжээ лаборатори, сум, дүүргийн тасаг хамтран хэрэгжүүлнэ.

2.4.1. Мал эмнэлгийн бүх шатны байгууллага хөрш улс, аймаг, сумаас өвчин нэвтрэх эрсдэлийн үнэлгээг тогтмол явуулж, халдвар дамжих боломжит замыг хяналтад авах, биет болон газар зүйн хориг саадыг ашиглан эрсдэлийг бууруулах арга хэмжээ авна.

2.4.2. БММ өвчнийг аль болох эрт илрүүлэх, өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд эрсдэлтэй, эрүүл бүс нутгийн малд тандалтыг тархварзүйн аргачлалын дагуу мэргэжлийн баг жил бүр тодорхой хугацаанд хийж, дүн, дүгнэлт мэдээг харьяалах дээд шатны мал эмнэлгийн байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлнэ.

2.5. Өвчтэй мал, амьтныг устгах:

2.5.1. Ерөнхий малын эмчийн шийдвэрээр дараахь тохиолдолд зайлшгүй шаардлагаар устгах арга хэмжээ авна. Үүнд:

өвчин хүндэрч эдгэрэх боломжгүй болсон мал,

БММ өвчний халдваргүй, вакцин хэрэглэдэггүй эрүүл бүс нутагт, хүн ам олонтой, хөдөлгөөн ихтэй суурин газар, олон улсын болон улсын чанартай авто зам, төмөр зам, нисэх буудлын ойр орчим, олон газрын мал ирж идээшлээд буцдаг отрын бүс нутагт дэгдсэн шүлхийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрснээс хойш 3 хоногийн дотор илрүүлж голомтонд нь барьж чадсан тохиолдолд халдварын эх уурхайг богино хугацаанд арилгах зорилгоор анхны голомтын БММ-р өвчлөмтгий бүх мал,

2.6. Голомтын бүсэд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн хийх, дэглэм цуцалсан үед мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд ДМАЭМБ-ын “Газрын мал амьтны эрүүл мэндийн код”-ын 14.7-д заасан зөвлөмжийг баримтална.

2.7. Импортын мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:

2.7.1. БММ өвчнөөр тайван болон тайван бус орноос амьд мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн импортлоход ДМАЭМБ-ын “Газрын мал, амьтны эрүүл мэндийн код”-д заасан зөвлөмжийг баримтлана.

2.7.2. Бог малыг импортлохын өмнө Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 заасны дагуу хийсэн эрсдэлийн задлан шинжилгээний багийн дүгнэлтийг үндэслэн Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас импортын мэдэгдэл олгоно.

2.7.3. Ачигдахаас өмнө импортлогч орны нутаг дэвсгэр дээр 28-с доошгүй хоногийн хугацаанд хорио цээрт оруулсан, энэ хугацаанд хийсэн БММ өвчний эсрэгтөрөгч илрүүлэх шинжилгээний дүн сөрөг байсан байх шаардлагатай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:

3.1. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ:

3.1.1. Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг БММ өвчний үед илрэх шинж тэмдэг, халдвар дамжих зам, биоаюулын хамгааллын талаар мэдээлэл, гарын авлага бэлтгэж малын эмч, мал эмнэлгийн техникийн ажилтан, мал эмнэлгийн улсын байцаагч, малчид, мал өмчлөгч, удирдлагуудад түгээж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангана.

3.1.2. Хот айл, ферм, аж ахуй уг өвчний сэжиг, шинж тэмдэг ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн байгуулагад 12 цагийн дотор мэдэгдэнэ.

3.1.3. Хот айл, малчин, мал, амьтан маллагч, өмчлөгч нь мал, амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ хашаа, байр, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн ариун цэвэр,эрүүл ахуйн нийтлэг заавар (МЭЕГ-2018-А\52-Х)1-ын холбогдох заалтыг дагаж хэрэгжүүлнэ.

3.2. Урьдчилан сэргийлэх тусгай арга хэмжээ:

3.2.1. БММ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг төлөвлөгөөт болон яаралтай хэлбэрээр “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн хоёрдугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг мөрдлөг болгон зохион байгуулж хэрэгжүүлнэ.

3.2.2. Дархлаажуулалтад хэрэглэх вакцин нь Монгол Улсын малын эмийн бүртгэлд бүртгэлтэй, Монгол улсад оношлогдсон БММ өвчний вирусын хэвшилд тохирсон, чанарын шаардлага хангасан байна.

3.3. Төлөвлөгөөт дархлаажуулалт:

3.3.1. БММ өвчнөөр тайван бус, халдварын голомт бүхий бүс нутгийн бог малыг эхний жил толгой дараалан, дараагийн жилээс зөвхөн 3 сараас дээш насны бог малын төлийг дархлаажуулна. Бог малын төлд хийх дархлаажуулалтыг 3 жил дараалан хийнэ.

3.3.2. Голомтын бүсэд байгаа эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй бог малыг дархлаажуулна.

3.3.3. Дархлаажуулалтыг хамгаалалтын бүсийн гаднаас дотогшоо голомт, сэжигтэй бүс рүү чиглэсэн байдлаар зохион байгуулна.

3.3.4. Нэг аймаг, сум, дүүрэгт гарсан нэг тохиолдлын үед тухайн бүсэд байгаа бог малд нэг үйлдвэрлэгчийн, нэг төрлийн вакцин хэрэглэнэ.

 

ДӨРӨВ. ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨЛТ, САНЖҮҮЖИЛТ.

4.1. Тархварзүйн судалгаанд суурилсан төлөвлөлт:

4.1.1. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, өвчин гарсан нутгийн малчид, орон нутгийн удирдлагатай хамтран тухайн жил БММ өвчин гарсан цаг уур, бэлчээрийн нөхцөл, дархлаажуулалтын хугацаа, чанар, санхүүжилт зэрэг өвчний дэгдэлт, тархалтад нөлөөлөх хүчин зүйлд оролцооны аргаар тандалт судалгаа хийж өвчин гарсан шалтгаан, тэмцэх, сэргийлэх ажлын үр дүнгийн талаар дүгнэлт гаргана.

4.1.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн мал эмнэлгийн байгууллага нь орон нутгийн хэмжээнд дархлаажуулалтад хамруулах малын тоо, толгойн мэдээллийг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад, шаардлагатай түргэн оношлуурын тооцоог улсын мал эмнэлгийн төв лабораторид жил бүрийн хоёрдугаар улирлын эхний сард багтаан орон нутгийн удирдлагаар баталгаажуулан хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

4.1.3. Сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн боловсруулж Засаг даргаар батлуулсан дараах төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрийн зардлыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага хянаж нэгтгээд жил бүрийн 2-р улиралд багтаан аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ. Үүнд:

Тархварзүйн судалгааны дүгнэлтийг үндэслэн боловсруулсан БММ өвчин гарахаас сэргийлэх, гарсан үед тэмцэх ажлын төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардал,

Бүс, нутаг дэвсгэрийн хүрээнд мал сүргийг БММ өвчингүй, тайван байдлыг баталгаажуулах хөтөлбөр, төсөл, бэлэн байдлын дэд төлөвлөгөө.

-Харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэх гоц халдварт өвчинтэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөө хийнэ.

4.2. Санхүүжилт: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг,

Засгийн газрын Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай тогтоол (ЗГ-2018-225)1-ын дагуу БММ өвчинтэй тэмцэх арга хэмжээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ

 

                                 ---------------------------- о о 0 о о ---------------------------

 

  Бог малын мялзан өвчнөөс урьдчилан

сэргийлэх, тэмцэх зааврын хавсралт

 

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДЭГДЭЛТИЙН СУДАЛГАА ХИЙХ СТАНДАРТ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР (САЗ)

 

ТОДОРХОЙЛОЛТ :

Дэгдэлтийн судалгаа гэдэг нь тогцолцоот цогц үйл ажиллагаа бөгөөд халдварын шалтгаан, эх үүсвэрийг илрүүлэх, дэгдэлтийн нөхцөл байдлыг тогтоох, өвчин цааш тархахаас сэргийлэх үйл ажиллагааг хэлнэ.

ЗОРИЛГО

·        Тухайн дэгдэлтийн шалтгаан, эх үүсвэрийгтодорхойлох

·        Халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг тодорхойлох

·        Тухайн дэгдэлтийг зогсоох, тэмцэх

ХАМРАХ ХҮРЭЭ

Энэхүү САЗ нь БММ өвчний үед дэгдэлтийн судалгаа хийх ерөнхий зарчмууд болон үе шатуудыг тодорхойлно.

1.   ХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ

·        Малын эмч нар

·        Шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх баг

2.   БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

·        Мал эмнэлгийн эпидемиологич (багийн ахлагч).

·        Лабораторийн мэргэжилтэн

·        Аймаг, сумын малын эмч нар

·        Байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч

3.   ШААРДЛАГАТАЙ БАГАЖ ХЭРЭГСЭЛ (тухайн нөхцөл байдалд тохируулж тоо ширхэгийг тооцоолно)

·        Нэг удаагийн бээлий

·        Усны гутал

·        Хормогч

·        Улавч

·        Хайч

·        Чимхүүр

·        Дээж хадгалах уусмал (50% PBS glycerine saline)

·        Хөвөн - Цус бүлэгнүүлэгчгүй хуруу шил

·        Цусбүлэгнүүлэгчтэйхуруушил

·        Зүү баригч

·        16G хэмжээтэй зүү

·        Маркер -

·        Дээжний сав

·        Хаягдлын уут

·        Халдваргүйжүүлэгч бодис

·        Гар ариутгагч

·        GPS

·        Дэгдэлтийн судалгаа авах маягт

·        Лабораторид дээж илгээх маягт

·        Хэвлэсэн бичмэл заавар

·        Дэвтэр, бал

Дэгдэлтийн судалгаа хийх дараалал

4.   Дэгдэлтийн судалгаа эхлэхээс өмнө бэлтгэх зүйлс:

·        Судалгаа хийх багийн гишүүдийг бүрдүүлэх

·        Багийн гишүүд тус бүр ямар үүрэгтэй оролцох талаар ярилцаж тохирох

·        Шаардлагатай материал ба байршлын зохион байгуулалт (материал, тоног төхөөрөмжийн жагсаалтыг шалгах)

·        Судалгаа авахад шаардагдах зүйлс: Мэдээлэл авах маягтууд, дэвтэр, зөөврийн компьютер, GPS.

·        Дээж авахад шаардлагатай зүйлс: зүү, арчдас авах бамбар, дээжийн сав, вирусийн тэжээлт орчин

·        Хэвлэсэн САЗ, бусад холбогдох журмууд

·        Тээврийн хэрэгсэл

5.   Анхан шатны мэдээлэл цуглуулах: Дэгдэлтийн судалгааны баг нь судалгаанд гарахаас өмнө дараах мэдээллүүдийг цуглуулсан байх шаардлагатай. Үүнд:

·        Очих малчны нэр, утасны дугаар

·        Аймаг, сум, багийн нэр

·        Мал аж ахуй эрхлэх хэлбэр, малын тоо (эрчимжсэн, хагас эрчимжсэн, нүүдлийн мал аж ахуйн аль нь болох үхэр, хонь, ямаа, гахайтай эсэх)

·        Тухайн орон нутгийн малын эмчийн нэр, утасны дугаар.

6.   Дэгдэлт илэрсэн аж ахуйд очин судалгаа хийх

·        Тухайн аж ахуйд нэвтрэх, гарахдаа Био-хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө.

·        Асуумжийн дагуу тухайн аж ахуйгаас мэдээллийг цуглуулна.

·        Малаас дээж аван лабораторид илгээнэ.

·        Хэдэн малаас дээж авч шинжлэх нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална.

Тайлагнах

Судалгаа эхлэхээс өмнө цуглуулсан мэдээлэл, дээж авсан малын лабораторийн шинжилгээний хариу гэх мэт бүх цуглуулсан мэдээлэлд үндэслэж тайланг бичнэ. Тайлан нь доорхи мэдээллүүдийг агуулсан байна. Судалгаа хийснээс хойш 14 хоногийн дотор эцсийн тайланг явуулна.

Цаг хугацаа (эпидемиологийн муруй зурах замаар дэгдэлт хэзээ эхэлсэн талаарх таамаглал дэвшүүлэх)

·        Эхний тохиолдол хэзээ илэрсэн бэ?

·        Дэгдэлт ямар хугацаанд үргэлжилсэн бэ?

·        Өвчин илрэх хугацаанд ямар шинжилгээнүүд хийгдсэн бэ?

·        Тухайн дэгдэлт нь халдварын эх үүсвэр эсвэл дамжмал халдварын аль нь болох?

Мал амьтан(дайралтын түвшин, эрсдлүүд гэх мэт.)

·        Малын төрөл, сүргийн хооронд дайралтын түвшин ялгаатай байгаа эсэх

·        Ямар төрөл зүйлийн малд дайралтын түвшин нь өндөр, эсвэл бага байгаа эсэх

·        Дайралтын түвшин нь наснаас шалтгаалж өөр өөр байгаа эсэх?

Газар нутаг(Газрын зураг дээр дэгдэлтийн байршлыг тогтоох, ойролцоох зам, усны эх үүсвэр, уул нуруу, дэд бүтэц гэх мэт зүйлсийг тодорхойлох.)

·        Газарзүйн хувьд ямар сэжиг илэрсэн бэ?

·        Мал аж аж ахуйн хэлбэрээс шалтгаалж малын төрөл зүйлийн хооронд ялгаа байгаа эсэх?

·        Тухайн дэгдэлт нь олон улсын чанартай зам, хурдны зам, нүүдлийн зам зэрэгтэй хир ойрхон илэрсэн, газарзүйн хувьд ямар ямар эрсдлүүд байж болох?

Зэрлэг амьтад

·        Тухайн бүс нутагт БММ өвчинд мэдрэмтгий зэрлэг амьтад байдаг эсэх

·        Ойр орчимд зэрлэг амьтдад өвчний шинж тэмдэг илэрсэн эсэх

Дархлаажуулалтын түүх

·        Вакцинжуулалтын талаарх бүртгэлийг шалгах, дэгдэлт илэрсэн сүрэг нь БММ өвчний болон бусад өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдсан эсэх

Таамаглал дэвшүүлэх

·     Дэгдэлтийн эх үүсвэрийн талаарх таамаглал

·     Тархалтын хэлбэр

·     Дэгдэлт нь нийтлэг эх үүсвэртэй эсвэл дамжмал байдлаар илэрч байгаа эсэх

·   Хэрэв нийтлэг эх үүсвэртэй бол нэг газраас эсвэл олон газраас уу гэдгийг тогтоох

·     Дэгдэлт гарахад нөлөөлж байгаа ямар эрсдэлт хүчин зүйлс байна вэ?

ЗӨВЛӨМЖ

·        Дэгдэлтийн судалгааны баг нь оролцогч талууд болох малчид, засаг захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудад зориулсан зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.

 

 Товчилсон үгийн тайлбар:

 

                             БММ- Бог малын мялзан.

                             САЗ- стандарт ажиллагааны заавар

 

----------------------------- о о 0 о о ------------------------

 

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг,

E-mail: tungalag@vet.gov.mn; ttungaa102@gmail.com

Утас:

99023372

Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын мэргэжилтэн Ч.Цэнд

E-mail: Tsend@vet.gov.mn; Tsend.0423@gmail.com

Утас:

261601, 98001999