📣 📣 📣 МАЛЫН ВАКЦИНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2024/05/11

✍️ ✍️ ✍️ Дэлхийн банкнаас Монгол Улсад ажиллаж байгаа техникийн зөвлөгөө өгөх баг нь Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээгээр цаашид дараагийн шатанд хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох зорилго тавин ажиллаж байна. Тухайлбал, малын вакцины хангамж, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх замын зураглалыг боловсруулахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор боловсруулж байгаа энэхүү замын зураглалд Монгол Улсын өнөөгийн болон цаашдын хэрэгцээнд нийцсэн, олон улсын сайн туршлагад тулгуурласан бодлого, стратеги, бизнесийн загварыг тусган оруулах юм.
✅ ✅ ✅ Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, Төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх багийн ахлагч Ситарамачандра Мачиражу (Sitaramachandra Machiraju), Малын вакцины үйлдвэрлэлийн эксперт, ДМАЭМБ-ын Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн Баптистэ Дунгу (Baptisite Dungu), Дэлхийн банкны Мал аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Дай Морита (Dai Morita), Дэлхийн банкны Малын эрүүл мэндийн зөвлөх Жон Вийвэр (John Weaver) нарын бүрэлдэхүүнтэй баг УМЭАЦТЛ, Биокомбинат ТӨХХК-д зочилж уулзалт зохион байгуулсны зэрэгцээгээр малын эмийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна. Тэд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр МЭЕГ-ийн дарга, Ерөнхий малын эмч А.Нарантуяатай уулзаж малын халдварт өвчний өнөөгийн нөхцөл байдал, малын вакцины өнөөгийн болон цаашдын эрэлт хэрэгцээ, вакцинжуулалтын талаар баримталж байгаа бодлого, стратегийн талаар санал солилцлоо. Энэхүү уулзалтад МЭЭСБУЛ-ын захирал С.Тэсхуяг, Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын Эдийн засагч Ц.Ванчин оролцов.

Таны сэтгэгдэл сайтын админаар хянагдаж нийтлэгдэнэ!